
Монголд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн бичгийн их хүн гавж Зава Дамдины "Хор чойнжүн" буюу умар зүгийн монгол оронд дээдийн ном хэрхэн дэлгэрсэн түүх "Алтан дэвтэр" гэдэг зохиолд өгүүлсэн нь буй. Үүнээс үндэслэн үзэхэд "Шажин дэлгэрнэ” хэмээхийг бурханы шашны өөр өөр урсгал ээлжлэн сэлгэж шинээр дэлгэрэхийг хэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл МТӨ хоёр зуугаад он буюу Хүннү гүрний үед бурханы шашны эртний урсгал болох “Нянмава”-гийн тогтсон таалал , Хубилай хааны үе буюу Юань гүрний үед «Хон гончигжалбогийн үндэслэсэн “Сажава”-гийн тогтсон таалал, Түмэдийн Алтан хааны үед бидний хэлж заншснаар Шарын шашин буюу Богд Зонхова Лувсандагвын үндэслэсэн “Гэлүгва”-гийн тогтсон таалал тус тус зонхи даяарыг хамарч түгэн дэлгэрсэн байна. Энэхүү түүхэн цаг мөчүүдийн хамгийн сүүлд Монгол орноо дэлгэрсэн Бурханы шашны Гэлүгвагийн урсгалын нөлөө эрчимтэй хөгжсөнөөр Монголын жаран жарны туршид амьдарч асан эрдэмтэн мэргэд ухааны арван орон буюу Дуун ухаан, Дотоод ухаан, Учир шалтгааны ухаан зэрэг их тав, Яруу найраг, Илт өгүүлэхүй, Зурхай зэрэг бага таван ухаанд ихэд мэргэшин олон арван зохиол бүтээлийг тууурвисан нь Бурханы шашин түгэн дэлгэрэхийн үндэс болсон Энэтхэг, Төвдөд ч өдгөө хүртэл гайхагдсаар байгаа билээ. Ийнхүү билиг билгүүн тодорхой ихэс дээдсээс уламжлагдан ирсэн шашин ном, судар бичгийн эрдэнэ мэт нандин өв соёл 1937, 38 оны их хэлмэгдүүлэлтийн үед нэлээд шамшигдаж улмаар тухайн үеийн төр засгаас баримталсан төрийн бодлого, суртал ухуулгын нөлөөгөөр, нэг талаас бурханы шашин түгэх түүнийг сүсэглэн дагаж түгээн дэлгэрүүлэхийг нам засгаас эрс хоргилсон бодлого явуулж хатуу чанга мөрдөн цагдсан, нөгөө талаас Монгол мэргэдийн далайн чандмань болсон олон зуун эрдэмтэн мэргэд сүм хийд эвдэн сүйтгэгдэж нэн ховор ном судар, зохиол бүтээл үй олноороо галдан шатаагдсанаас болж Монгол орны бурханы шашин болон түүнтэй салшгүй холбоотой шашин соёлын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Харин 1990-ээд оноос бий болсон ардчиллын үр дүнд сааранги, зогсонги байсан бурханы шашин идэвхжин сэргэсэн юм. Ийн идэвхжин сэргэхийн үндсийг ерээд оны эхээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар хамгийн анх Монголын Сүсэгтний Холбоог байгуулан шашин дэлгэрэхийн аврал чухаг хийгээд бурханд сүсэглэхийн тус эрдмийг Монголын Үндэсний Телевиз, Монголын Радиогоор өөрийн дуу хоолойгоороо тунхаглан зарлаж, бурханд шүтэхийн мөн чанар хийгээд бие, хэл, сэтгэлээр хэрхэн ариусахын тухай, аливаа юмсын шүтэн барилдлага, үйлийн үрийн тухай гүн дэлгэрэнгүй сургаал номлолын шинжтэй нийтлэлүүдийг бичиж тэр үеийн сонин сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нь түүний «Энэрэнгүй их Будда» (Утга зохиол, урлаг сонин. 1990. ¹14), «Бурхны элч» (Үндэсний дэвшил сонин.1990. ¹19), «Ариун гэгээн Бакула Ренбүүчий» (Хөдөлмөр сонин. 1990. ¹121), «Залбирал» (Үндэсний дэвшил сонин. 1991. ¹5), «Хутагт их Жанрайсэгт мөргөсөн залбирал» (Бодлын солбицол сонин. 1992. ¹8) зэрэг олон арван нийтлэлүүдээс нь тодорхой харагддаг билээ. Тэрбээр 1990 оны 7 сарын 1-нд хуралдсан Монголын сүсэгтний холбооны анхдугаар их хурал дээр хэлсэн үгэндээ «…Бурханы хайрласан тэр өндөр хишгээс өөрсдөө зугатаж, шүтлэг бишрэлийг хорьсноороо бид юуг хожив оо? Арван хар нүглийг зугаа цэнгэл болгож, хувьсгал хийх нэрээр хуварга лам нараа хэдэн арван мянгаар нь хядаж, эх болсон шашнаа хамгаалан боссоныг нь эсэргүү гэж устгаад, зуу зуун сүм хийдийг газрын хөрстэй тэгшилж, хойчийн түмэн үеийн өмнө арилшгүй хар нүгэл хийлээ» хэмээн урьд урьдын үйлдсэн муу үйлийн үр дараа дараагийн үйлсэд муугаар нөлөөлдгийг тухайн үеийн улс орны хөгжил дэвшлийн жишээн дээр тулгуурлан өгүүлээд цааш «Улсын маань Ерөнхийлөгч жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Гандантэгчинлэн хийдэд очиж, ард түмэн, улс орныхоо хувь заяаг даатгаж, үйлс ажил нь бүтэхийн ерөөл билгэдэж Очирдарийн мандал өргүүлдэг уламжлалтай болбол зон олны минь сэтгэл ихэд сэргэхсэн, бид бүгдийн хийморь лүндаа ч сэргэж, нүгэл хилэнц минь нимгэрэн, олноор эдлэх гай барцад багасахсан” (Бурханы мэлмий. 1991) гэж хэлж байсныг нь Монгол улсын төрийн тэргүүнүүд гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан бөгөөд өдгөө энэ нь дадсан уламжлалт заншил болон хэвшжээ. 1990-1993 онд Ерөнхийлөгчийн шашны зөвлөх байхдаа бүх монгол улсад мартагдаж удсан Бурхан багшийн их дүйцэн өдрийг анх удаа орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагааг өөрөө удирдсан төдийгүй Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн «Төр, сүм хийдийн харилцааны тухай» хуулийг санаачлан тэр хуулийн төслийг боловсруулахад оролцон тус хуульд «Шашин төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэтгэнэ» гэсэн заалтыг оруулахад өөрийн байр сууринаас тодорхой нөлөө үзүүлснээр Монгол оронд дахин сэргэсэн Бурханы шашны үйл ажиллагаа төр засаг, нам эвсэл, аливаа улс төрийн хүчнээс хараат бус болж цааш идэвхжин хөгжих эрх зүйн орчин нь халдашгүй дархан байхаар хуульчлагдсан юм. Энэтхэг улсын төрийн онцгой хамгаалалтанд байдаг «Бурхан багшийн ариун чандрыг» эх орондоо залах буянтай сайхан үйлийг Бурхан багшийн шавь арван зургаан архадын нэг хувилгаан дүр болох гэгээнтэн Бакула Ренбүүчий болон Монгол Улсын Засгийн газар, Соёлын Яамтай хамтран санаачилж өөрийн удирдаж байсан Монголын Буддын Соёлын Төвийн нэрийн өмнөөс БНЭУ-ын Засгийн газар хийгээд Энэтхэг улсын Соёлын Яаманд хүсэлт тавьсныг нь тус улс таатайгаар хүлээн авч урьд өмнө нь ер гадагш гардаггүй байсан ариун дагшин шүтээнээ анх удаа 1993 оны 8-р сарын 31-нд Монгол Улс руу 21 хоногийн хугацаатай гаргах болсон төдийгүй уг улсын Соёлын Яамны орлогч сайд өөрийн биеэр хүргэж ирсэн билээ. Энэ нь нэг талаар О.Дашбалбар гадаад дотоодод хэрхэн нэр төртэй, өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн болохыг харуулсан хэрэг бөгөөд нөгөө талаар түүний Монголын Бурханы шашны дахин сэргэлт болон шашны хөгжил дэвшлийн төлөө хийсэн томоохон гавьяаны нэг юм. Ийн бурхан багшийн ариун чандрыг нэн бишрэлтэйгээр залж буй нь Монгол улсын түүхнээ болж буй томоохон үйл явдлын нэг агаад ихэс дээдсийн маань гэгээн шүтээн Бурхан багш Монголын газар шороон дээр өөрийн биеэр заларсантай утга адил гайхамшигтай үйл болсон билээ. Энэхүү буянтай үйлүүдийн нөлөө тусгалаар устаж сүйдээд байсан олон сүм хийд дахин сэргэж хурал номын газрууд нээгдсэний дотор Эрдэнэзуу, Амарбаясгалант, Дэлгэрийн Чойрын хийд, Дашгэмпэллин, До аг чойнхорлин зэрэг хийдүүд зүй ёсоор орох бөгөөд Монгол орны өнцөг булан бүрт бүрээ бишгүүр, номын цагаан лавайн дуу уянгалан өдөр тутмын цогчэн хурал тасралтгүйгээр хурах болов. Дээрхийн гэгээнтэн 14-р далай лам, 1991 оны намар Монгол орноо залран ирэхэд монголын зохиолч, сэтгүүлчдийн дотроос хамгийн түрүүнд ярилцлага авсан хүн бол О.Дашбалбар юм. Тэрбээр 1994 онд Далай багшийг дахин Монгол орноо урьж их багштантай сүсэгтэн олноо учруулан, сэтгэлийг нь гийгүүлэн баясгах, машид дэлгэрсэн, өлзий буянтай ажлыг хийсэн бөгөөд энэ үеэр дээрхийн гэгээнтэн Далай лам Монголын буддын соёлын төвд залран О.Дашбалбарын Монголын Бурханы шашны дахин сэргэх хийгээд хөгжин дэвшихэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн байдаг. (Ялж төгс нөхчигсөн, Бурханы хувилгаан Дашбалбар. «Монголын мэдээ» сонин 2000) Тэрбээр эх орон, газар шороо, тусгаар тогтнол, улс гүрнийхээ хөгжил цэцэглэлийн төлөө өөрийн дуу хоолойгоо өргөж бусармаг муу үйлийн өөдөөс эрслэн тэмцэж байхдаа эе эвийг хичээхийг эрхэмлэн уриалж, Монголын Үндэсний Дэвшлийн Намын анхдугаар их хурал дээр хэлсэн үгэндээ «Түүхэн бүх л туршлагыг эргэн харвал Монголчууд дотроо хямран, муудалцаад ирэхээрээ л гуравдагч этгээдийн идэш болж байжээ». /Гэм нүглээ наминчилж ариусахын учир. Үндэсний дэвшил сонин. 1990/ хэмээн анхааруулж, ард түмнийг нэгтгэх нэгэн үзэл санаа буюу гол гүн ухаан нь Бурханы шашин хийгээд энэрэн нигүүлсэхүй сэтгэл юм гэж тунхаглан тэрхүү үгийнхээ төгсгөлд «20-р зуунд үйлдсэн гэм нүглээ эдүгээгийн бид хойч үеийн өмнө цагаатгах ёстой. Эл учир бид түүх соёлын хосгүй дурсгал 800 сүм хийдээ устгасандаа гүнээ харуусаж, Бурханы өмнө улс орноороо өршөөл эрж, ядахдаа 8 том сүм хийдийг тэдгээрийн дурсгалд цогцлоон босгох нь Монголчуудын нэр төр, хүн чанарын хэрэг боллоо. Энэ ажилд улсаас ч хөрөнгө гаргаг, ард түмэн минь ч туслаг» гэж чин сэтгэлээсээ хүсэмжилсэн нь ч биелэлээ олж улс орон, ард түмэн, гадаад дотоодын сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэг, өглөгийн эздийн арвин их буянаар эртний буян номын дагшин газрууд болох Эрдэнэзуу, Амарбаясгалант, Шанхын хийдүүд сэргээн засварлагдаж, Хотлын мэлмийг гийгүүлэгч ариун шүтээн Мэгжиджанрайсэг бурхан бүтээгдэж, Найдан жүдэгийн хувилгаан Бакулаа Ренбүүчийн хувь хөрөнгөөр Төвдийн уран барилгын гайхамшигт шинжийг хадгалсан Бэтүб хийд бүрэн төгсөөр цогцлон боссон байна. Эх орныхоо уул ус, өвс ургамал, булаг шанданд өвдөг сөхөрч сүслэн мөргөдөг тэрбээр эх болсон орон дэлхийгээ шүтэн дээдлэх нь аливаа хүний ажил амьдралтай салшгүй холбоотой болохыг олон арван шүлэг найраг, эссэ, нийтлэлүүдээрээ илэрхийлэн гаргасан байдаг. Тиймээс ч Алтан-овоо, Ганга нуураа шүтэн дээдэлж, тухай үеийн төрийн буулганд дарагдан далд нууцаар тахиж тайдаг байсан Алтан-овооны уламжлалт тахил тайллагыг арван гурван настайгаасаа далаад жил сэм нам тахисаар ирсэн нутаг хотлынхондоо Инлай хэмээн авгайлагддаг их гэвш Лувсандагвын удирдлага заавраар 1990 онд ёс горимынх нь дагуу сэргээж өргөн олныг хамруулан хийсэн нь нам засгийн явуулсан шашны эсрэг бодлогоос эмээж газар лус, овоо хангайгаа сүслэн дээдэлж, тахилгын зан үйлийг нь үйлдэж чадахгүй, зарим газар мартах шахаж байсан хүмүүст үлгэр дууриал болсон буянтай сайхан зүйл байлаа. Үүний ач тусаар газар сайгүй овоо хайрхануудаа шүтэн дээдэлж тахидаг болсон төдийгүй төр засаг ч анхааран сэхээрч эртнээс нааш төрийн тахилгатай байсан Бурхан Халдун уулаа жил бүр тахин сүслэж байгаа нь мөн л О.Дашбалбарын үүсгэсэн гэгээн буяны ач тус билээ. Тэрбээр бичиг соёлын нандин өвийг уламжлан хадгалж түгээн дэлгэрүүлэхийн тухай ч өөрийн үзэл бодлоо илэрхийлж Бурханы шашны их хөлгөн судар «Ганжуур»-ын 108 боть, «Данжуур»-ын 220 ботийг шинэ үсэг болон эх монгол бичгээрээ хэвлүүлэн гаргахыг хүссэнээ Монголын Үндэсний Дэвшлийн Намын анхдугаар их хурал болон Монголын Сүсэгтний Холбооны анхдугаар их хурал дээр хэлсэн үгэндээ удаа дараа дурдаж байсан нь ч өдгөө түүний хэлсэн ёсоор болсон юм. Мөн Н.Энхбаярын орчуулгаар Япон улсын Бурханы шашныг сурталчилах нийгэмлэгийн газраас эрхлэн гаргасан «Бурхан багшийн сургаал» хэмээх авралын цадигийг О.Дашбалбар, Ж.Хатанбаатартай хамтран хянан тохиолдуулж 1996 онд хэвлүүлсэн нь дахин сэргэж буй бурхан шашнаа шүтэн биширч, сүсэглэн дээдлэгч олон түмэн ардад Бурхан багш болон Бурханы шашны тухай, энэрэн нигүүлсэхүй хийгээд төгс гэгээрлийн тухай, арван цагаан буян ба арван хар нүглийн тухай үнэн зөв мэдээллийг өгсөн сайхан хэрэг болсон юм. Энэ мэт Бурханы шашныг Монголд дахин сэргэхэд түүний оруулсан хувь нэмэр олон бөгөөд үүнийг нь багцлан өгүүлэх юм бол нэгдүгээрт Бурханыг сэтгэл оюуныхаа чинад хязгаарт дээдлэн зөв сэтгэлээр танин мэдэрч үнэн голоосоо сүсэглэж чадвал Бурханы авралд багтдаг үзлийг номлосон олон арван залбирал шүлэг, нийтлэл бүтээлээрээ хүмүүсийн оюун санааг гэрэлтүүлэн гийгүүлж, худал хуурмаг, атаа жөтөө, уур омог, урин тачаангуйн цаад учрыг таниулан мунхагийн харанхуйгаас гэтэлгэсэн, хоёрдугаарт эр зориг, дайчин тэмцэл, санаачлан хийсэн ариун буянтай ажил үйлсийнхээ үрээр улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон газар шороо, байгаль дэлхий улс түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон шашин соёлтой салшгүй холбоотой болохыг төр засаг түмэн олонд ухааруулсан үнэлж баршгүй их гавьяатай билээ. Өлзий хутаг арвижиж, номын буян хурах болтугай.
1990-ээд онд бурхан шашны хөгжилд О.Дашбалбарын оруулсан хувь нэмэр | ||
Үзсэн: 8391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.