Шууд Chart

Авснаасаа ихийг өгсөөр байх уу...

2014-01-10 09:33:02

Америкийн геологич Д.Теннер монгол улсад газрын тосны илрэл байх магадлалтай гэсэн таамгийг 1931 онд анх дэвшүүлж байжээ. Улмаар 1940 оны сүүлчээр оросын геологич Ю.Желубовскийн баг Дорноговь аймгийн Зүүнбаянгийн хотгорт газрын тосны хайгуулын анхны цооног өрөмдсөн байна. Эндээс хоногт нэг хүртэлх тоннын ундаргатай газрын тос илрүүлжээ. Тиймээс ч, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1949 онд “Монголнефть” трестийг тухайн үеийн ЗХУ-ын санхүүжилтээр байгуулсан байна. Тус байгууллага “Зүүн баян” болон “Цагаан элс”-ний ордын хайгуулыг эрчимжүүлж 6.2 сая тонн газрын тосны нөөц эцэслэн тогтоож байсан байх юм.

Эндээс манай улс газрын тос олборлож, боловсруулж дотоодын хэрэгцээг хангаж байсан гэх баримт үлджээ. Гэвч ордын нөөц удалгүй багассан, нефть боловсруулах үйлдвэрт гал гарсан зэргээс шалтгаалж боловсруулах үйлдвэрийг тухайн үед хаасан байна. Тэгээд ч дотооддоо газрын тос боловсруулснаас хойд хөршөөс шатахуун импортлох нь хямд тусч байсан учраас Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэрийг хаах нь оновчтой гэсэн шийдэлд манайхан хүрчээ. Манайхан өөр газруудад хайгуул хийсэн ч, дорвитой зүйл олоогүй учир 1963 оноос газрын тосны хайгуулын ажлыг зогсоож, шатахуун үйлдвэрлэх бодлоо монголчууд бүр мөсөн орхисон гэхэд болно.
 
Гэхдээ, 30 гаруй жилийн хугацаанд зогссон газрын тосны хайгуул 1992 оноос эргэн сэргэсэн юм. Тухайн үед манай улс газрын тосны 22 талбай тусгайлан гаргаж, хөрөнгө оруулалт татах зорилгоор олон улсын нээллтэй тендер зарлаж байлаа. Тендерт ялсан компаниудтай засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдөр л гэхэд манай улс газрын тосны хайгуулын 21 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Эдгээрийн дийлэнх нь буюу 18 талбайд хайгуул хийж байгаа бол, 3 талбайн нөөцийг эцэслэн тогтоожээ. Тухайлбал, Тосон уул, Тамсаг, 97 оны бүтээгхдэхүүн хуваах гэрээт талбайн нөөцийг эцэслэн тогтоогоод байгаа юм.
 
Энэ гурван талбай нийтдээ332 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэйгөөс, 43 сая тонн нь ашиглалтынх юм. Ийм нөөц бүхий талбайд “Петро Чайна Дачин Тамсаг” болон “Доншин газрын тос монгол” компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Манай улс газрын тосны үйлдвэртэй болох хүртэл тэдолборлосон бүтээгдэхүүнээ экспортлохоор засгийн газартай тохиролцоод байгаа юм. Тэр хүрээнд тогтоосон нөөцийнхөө 2,5 сая тонныг нь өнгөрсөн хугацаанд олборлож, экспортолжээ. Үүний 687 мянган тонныг өнгөрсөн онд олборлож, экспортлосон байна. Үүнийгээ Cингапурын болон Лондонгийн түүхий эдийн биржийн ханшаар худалдаалсан гэх мэдээлэл бий.
 
Тухайлбал, Дорнод аймагт орших газрын тосны 19 талбай болох Тосон уул, 21 талбай болох Тамсагийн сав газраас олборлосон бүтээгдэхүүнийг Сингапурын биржийн “дачин -33” төрлийн үнээр худалдаалсан байна. Харин Дорноговь аймагт орших 97 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайгаас олборлосон газрын тосыг лондонгийн биржийн “брент” төрлийн нефтийн үнээр худалдаалжээ. Ийм үнэтэй бүтээгдэхүүнээ хятадын  “Петрочайна интернэйшнл” компанид нийлүүлж, Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулж байгаа. Харин эцсийн бүтээгдэхүүнийг манай улс “Петрочайна интернэйшнл” компаниар дамжуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас буцаан импортолж байгаа юм.
 
Нэг ёсондоо манай улс газрын тосоо урд хөрш рүү экспортолж, тэнд нь боловсруулж, эргүүлэн импортолж байгаа юм. “Монгол-93” хэмээн нэрийдсэн энэ шатахууныг “Шунхлай”, “Ник”, “Магнай трейд” компаниуд импортлон оруулж ирдэг. Үүнийгээ өнгөрсөн оны зургаадугаар сараас Дархан, Эрдэнэт, Улаанбаатар дахь 53 шатахуун түгээх станцаар дамжуулан худалдаалж байна. Дээрх гурван компанийн тухайд өнгөрсөн онд 60 мянган тонн “монгол-93” шатахуун импортолсон байна. Харин энэ оны тухайд тэд бүтээгдэхүүнийхээ импортыг гурваас дөрөв дахин нэмэгдүүлэхээр болжээ.
 
Ингэхдээ, Замын-үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөл ашиглалтад албан ёсоор орвол бүтээгдэхүүнийхээ импортыг нэмэгдүүлэх бололцоотой болох юм байна. Ер нь тус байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой. Энэ хүчин чадлыг манайхан яваандаа бүрэн ашиглана гэж тооцож буй. Хэдийгээр импортыг ийм хэмжээнд хүргэсэн ч, бид урд хөрш рүү экспортолж буй бүтээгдэхүүнийхээ багахан хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон авч байгаа нь нууц биш юм. Хөх хотын боловсруулах үйлдвэр 80 хувийн гарцтай тунгалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
 
Үүгээр тооцвол, өнгөрсөн онд экспортлосон 687 мянган тонн газрын тос, 550 мянган тонн шатахуун болох тооцоо гарч байна. Үүний ердөө 60-хан мянган тонныг манай улс өнгөрсөн онд импортлон авсан. Монгол-93 шатахууны импортыг энэ онд нэмэгдүүлнэ гэж байгаа ч, нөгөө талд “Петро Чайна Дачин Тамсаг” болон “Доншин газрын тос монгол” компаниуд бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй. Үүгээр тооцвол, мөн л ялгаагүй “монгол-93” шатахууны импорт, хятадад боловсруулж байгаа газрын тосны хаана ч хүрэхгүй байх талтай. Өөрөөр хэлбэл, манай улс газрын тосоо хятадад боловсруулаад авчирч байгаа мэт харагдавч, дийлэнх нь тэндээ үлдэж, багахан хувь нь манайд оногдож байгаа юм.
Нийтэлсэн: А.Энхтуул

Авснаасаа ихийг өгсөөр байх уу...  
Үзсэн: 4622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.23.xxx [202.179.23.xxx] 2014-01-11 22:25
газрын тосоо монгоддоо боловсруулах хэрэгтэй.дунд оврын боломжийн уйлдвэрууд хямдхан хаа сайгуй байнаа.яагаад хойш нь тавиад байгааг ойлгохгуй юм.Дарханд барих нусэр том уйлдвэр эхний ээлжинд манайд хэрэггуйдээ.манай тосны чанар муу гэж худлаа ярина эсвэл ашиггуй гэж худлаа ярина.ер нь аль болох бариулахгуй байхыг л хичээн.ингээд байвал яаж монгол улс хогжих вэ.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-01-10 15:22
бүтээгдэхүүн хуваах гэрээнд хэдэн хувь гэж тохирсон юм бэ? тэрнээс л бүх зүйл тодорхой болно доо. ашиггүй бол хил, гаалийн татвар дээр ажиллах хэрэгтэй шүү дээ. дэлхий нийт тэгэж л амьдарч байна даг

Бидэнтэй нэгдээрэй