Шууд Chart

Керчь хотынхон халдлагын улмаас амь үрэгдэгсэдтэй салах ёс хийлээ

2018-10-20 10:07:01

Крымийн Керчь хотынхны хувьд хүнд өдрүүд үргэлжилж байна. Хотын иргэд өнгөрсөн баасан гарагт политехникийн коллежид болсон дэлбэрэлт, буудлагын улмаас амь үрэгдэгсэдтэй салах ёс хийлээ. Халдлагын улмаас амиа алдсан хүний тоо, сүүлийн мэдээгээр 21 болоод байгаа юм. Мөн хэд хэдэн хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна. Амь хохирогчдын хүний тоо дахин нэмэгдэж болзошгүй гэдэг болгоомжлол өнөө хэр сэхээ орж тайвширч чадахгүй байгаа Керчь хотынхныг түгшээсээр байгаа.

Учир нь барилгын нурангинаас бүх хүнийг гаргаж чадаагүй гэж зарим гэрч ярьж байгаа юм байна. Коллежийн хоёрдугаар курсын оюутан Даниил Гроск “Бид янз бүрийн гэмтэлтэй олон хүнийг түргэний машинд зөөж хүргэсэн. Тэр дунд цогцсууд ч байсан. Зарим нь түлэгдсэн, заримынх нь аль нэг гар хөл байхгүй болсон байсан. Ил байсан бүх л хүнийг зөөж гаргасан. Гэхдээ сургуулийн байрны 2 дугаар давхар нурахад хүмүүс дарагдсан” гэж ярьжээ.

Энэ зуур сэжигтэн ямар шалтгаанаар ийм гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. 18 настай Владислав Росляков гэх оюутан багш нар болоод сэтгэл зүйчдийн анхаарлыг татах ямар ч асуудалтай байгаагүйг Крымийн эрх баригчид мэдээлсэн. Үүний өмнө нь, Крымийн засаг захиргааны тэргүүн Сергей Аксенов олон хүний аминд хүрсэн уг халдлагыг тэр оюутан ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаагаа дурдаад, түүнийг ийм гэмт хэрэг үйлдэхэд бэлдсэн хүн бий эсэхийг тодруулах шаардлагатай байгааг мэдэгдэж байсан юм. 




















Керчь хотынхон халдлагын улмаас амь үрэгдэгсэдтэй салах ёс хийлээ  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй