
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсдаа төрсөн хууль бус цагаачдын хүүхдүүдэд иргэний харьяалал олгохыг зогсоох зарлиг батлах бодолтой байна. Трамп өчигдөр “HBO” сувгийн “Экшиос” телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ ингэж мэдэгджээ. Эцэг эх нь АНУ-д хууль ёсоор оршин сууж байгаа хүүхдүүдийг төрөхөд зөвхөн иргэншил олгодог журмыг хэвээр үлдээх хэрэгтэй гэж Цагаан ордны тэргүүн үзэж байна.
“Ирээд төрөнгүүт хүүхэд нь шууд АНУ-ын бүрэн эрхт иргэн болдог цорын ганц улс манайх байна. Энэ чинь тэнэг хэрэг. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэж Трамп ярьсан байна. Үүний зэрэгцээ ерөнхийлөгчийнх нь энэ төлөвлөгөө АНУ-ын нутагт төрсөн бүх хүүхдэд иргэний эрх олгоно гэж заасан Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлттэй харшилна гэдгийг хуульчид сануулж байгаа. Ерөнхийлөгчийн зарлигаар үндсэн хуулийг өөрчлөх аргагүй гэдэг үндэслэлийг Трамп харин хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тэрээр зарлиг гаргах ажил хэдий нь эхэлсэн, явцын шатандаа байгааг дурдаад, “Үндсэн хуульд шинэ нэмэлт оруулах хэрэгтэй гэцгээж байна. Гэвч тэгэх шаардлагатай тохиолдол нь энэ биш” гэж ярьжээ. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсон цагаасаа цагаачлалд хатуу хяналт тогтоох бодлого барьж байгаа. Хамгийн сүүлд, Төв Америкийн орнууд буюу Гондурас, Сальвадороос цувж буй дүрвэгчидтэй холбогдуулж тэрээр Мексиктэй залгаа хилээ хаахаар цэрэг хөдөлгөхөө мэдэгдсэн.
Энэ ташрамд сануулахад, хүүхэд төрсөн даруйдаа тухайн улсынхаа иргэн болно гэж заадаг “хөрсний” гэх зарчим олон улсын эрх зүйд нэлээд түгээмэл. Дэлхийн 30 гаруй улсад энэ зарчмыг мөрддөг ч дийлэнх нь жижиг орнууд байдаг. Тэр дунд Канад, Мексик, Бразил, Аргентин болон Төв болон Өмнөд Америкийн нэлээд улс байна.
АНУ цагаачдын хүүхдүүдэд иргэний харьяалал олгохыг зогсоож магадгүй | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.