
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өрнөдийн орнуудын санаачилгын дагуу Украины зүүн нутгийн хямралын асуудлаар ээлжит бус хуралдаан хийжээ. Донецк болон Луганскийн өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудад явуулахаар зэхэж буй сонгуулийн асуудал хуралдааны гол сэдэв байжээ. Луганскийн бүгд найрамдах улс гээгчийн сонгуулийн төв комиссын дарга Елена Кравченког хэлэлцүүлэгт урьж оролцуулах саналыг Оросын талаас хурлын өмнө тавьсан ч Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүд дэмжээгүй байна.
Оросын дэмжлэгийг авдаг салан тусгаарлагчдын хяналт дахь бүс нутгуудад сонгууль явуулах Минскийн хэлэлцээрт нийцэхгүй гэж өрнөдийн орнууд үзэж байгаа юм. Орос улс Украины зүүн бүс нутгуудад явуулж буй үйл ажиллагаагаараа Европын хилийг хаахыг оролдож буй хэрэг гэж Шведээс Аюулгүйн зөвлөлд суугаа байнгын төлөөлөгч Улоф Скуг мэдэгджээ. Мөн тэрээр сонгуулийг явуулахгүй байхад нөлөөгөө ашиглахыг Орос улсад хандаж уриалжээ. АНУ-ын төлөөлөгч Жонатан Коэн, Украины 2013 оноос өмнөх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал сэргэхээс нааш Оросын эсрэг америкийн хориг арга хэмжээг цуцлахгүй гэж амалсан байна.
НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Василий Небензя хэлсэн үгэндээ, Минскийн хэлэлцээрт орон нутгийн сонгууль явуулахыг хориглосноос бус, “улсын” төрийн тэргүүн сонгохыг хэлээгүй гэж мэдэгджээ. Бас Донецк, Луганскийн онцгой статусын тухай Украины хууль Минскийн хэлэлцээртэй зөрчилдөж байгааг Небензя дурдаад, Киевийг тус хэлэлцээрийг зөрчиж байгаад буруутгасан байна. Донбассад сонгууль болбол энэ нь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын зүгээс байдлыг дахин хурцатгах шалтаг болно гэдэг байр суурийг Украины байнгын төлөөлөгч Олег Николаенко илэрхийлсэн байна. Азовын тэнгис дэх Украины усан тээвэр мөн Оросын зүгээс аюулд ороод байгааг тэр дурдсан байна.
Мөн Орос улс өөрийн харьяанд шилжсэн Крымийн нутгаас Украины зүүн бүс рүү зэвсэг нийлүүлдэг талаар Николаенко мэдээлснээс гадна Москваг Крымийн хойгт цөмийн зэвсэг байрлуулахаар санаархаж байгаа гэж ярьсан байна. Украины зүүн бүсийн чамгүй хэсгийг хянаж буй оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид ирэх 11-р сарын 11-нд Донецк, Луганскийн өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсууд төрийн тэргүүний болон парламентын сонгууль явуулахаар төлөвлөж байгаа юм. Донбассын асуудлаар холбоо барих бүлэг дэх Украины төлөөлөгч Ирина Геращенко дээрх асуудалтай холбогдуулж Москваг Украины байдлыг санаатай хурцатгаж байгаад буруутгасан байна. Харин Москва уг асуудлыг “Украины дотоодын асуудал” хэмээн өөрийн оролцоог үгүйсгэжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар хуралдлаа | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.