УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуулийн дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулж, төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2-91.1 хувийн саналаар төслүүд батлагдлаа.
Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулаад байгаа. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дах заалтад “ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогын бүрэлдэхүүнд тусгасан байдаг. Энэ эх үүсвэрийн 50 хувийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь 2020 оноос эхэлж мөрдөгдөх зохицуулалтай. Иймээс хуулийн хэрэгжилтийг нэг жилээр наашлуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд, үлдэх 50 хувийг 2020 онд буюу нийтдээ 100 хувь тухайн хайгуулын талбай оршиж байгаа тухайн орон нутгийн төсөвт шилжүүлэх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн зарим хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зохицуулалт хийлээ. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг 2021 он болгож хоёр жилээр хойшлуулах үүднээс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулахаар болов.
Мөн Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд төсвийн сахилга батыг чангатгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж, алдагдал, өрийн хэмжээ төлөвлөж байснаас хурдацтай буурч байна. Эдийн засагт өсөлт гарч, төсвийн үндсэн үзүүлэлт сайжирч байгаа тул олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай удаа дараа хэлцэл хийж тохирсны эцэст иргэдийн орлогын баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс 2019 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж байгаатай холбогдуулан УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх; түүнчлэн төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг боломж бүрдэж байгаа юм.
| Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг баталлаа | ||
| Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.