Шууд Chart

2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2018-11-02 14:29:22

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.02) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Н.Оюундарь нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайд, ажлын хэсгийн холбогдох бусад албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.

Хуулийн төсөлд өөрчлөлт орсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2019 онд 8 хувь байх бол 2020, 2021 онуудад тус бүр 6 хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр 8 хувьтай байхаар тусгагджээ.

Уг хуулийн төсөлд тусгагдсанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2019 онд 9,676.5, 2020 онд 10,713.5, 2021 онд 11,844.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 27.4, 2020 онд 26.4, 2021 онд 26.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2019 онд 11,589.8, 2020 онд 12,393.6, 2021 онд 12,901.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 32.8, 2020 онд 30.6, 2021 онд 28.7 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2019 онд -1,913.3, 2020 онд -1,680.1, 2021 онд -1,056.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд -5.4, 2020 онд -4.1, 2021 онд -2.4 хувь байхаар тус тус батлагдлаа. Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 2019 онд 55.3,  2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар батлагдлаа.


2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй