УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэв.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулгадаа онцлов.
Мөн тэрбээр, Монгол УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2-д “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан”, мөн хуулийн 6.13-д “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг…Улсын ерөнхий прокурор зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулж байна гэж байлаа.

Энэ талаарх УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулсан. Байнгын болон дэд хороод 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын танилцуулга болон Байнгын болон Дэд хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Оюунхорол, М.Оюунчимэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, Л.Болд, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд Байнгын хороодын саналаар “УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх УИХ-ын тогтоолыг төслийг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв | ||
| Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.