Шууд Chart

Гадаад эзэнтэй компанид ажиллаж байсан монгол жолооч машинтайгаа шатаж, биеийнх нь 97 хувь түлэгджээ

2018-11-13 12:26:41

Гадаад эзэнтэй "Омог цагаан шонхор" компанид жолоочоор ажиллаж байсан иргэн Д авто машинтайгаа шатаж биеийнх нь 97 хувь түлэгдсэн байна. Одоо гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна гэж түүний эхнэр н.Туул хэллээ.

Тэрбээр энэ оны зургаадугаар сараас хойш тус компанид нүүрс тээврийн жолоочоор ажилд оржээ. Ажиллах нөхцөл хүнд учраас хоол, ундаа машиндаа хийж идэхээс гадна хуурай теннээр авто машинаа халаадаг байсан гэж түүний эхнэр н.Туул ярилаа.

Осол энэ сарын 9-ний өдөр гарсан. "Ухаа худаг" уурхайгаас "Гашуунсухайт" хилийн боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан машины кабинд гал гарснаас жолооч Д ийнхүү шатжээ. Арьс нөхөх эмчилгээнд 70-80 сая төгрөг хэрэгтэй. Гэвч Д-г ажиллуулж байсан "Омог цагаан шонхор" компани мөнгө төгрөгийн  туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн байна.

Хуулиараа ажил хариуцсан компани эмчилгээний бүх зардлыг гаргах учиртай гэж Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Буянжаргал онцоллоо.

Стандартын шаардлага хангасан авто машин явдаггүй учраас монгол хүний эрүүл мэнд хохирох, цаашлаад амь нас эндэх эрсдэл бий болоод байна. Үүний нэг бодит жишээ энэ сарын 9-ний өдөр гарсан осол байлаа. Иймээс "Омог цагаан шонхор" компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож, хохирол барагдуулахыг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж байна.

Энэ шаардлагаа Ерөнхий сайд болоод салбарын сайдад хүргүүлжээ. Өнөөдөр нүүрсний тээвэр эрхэлдэг 90 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний 70 шахам хувь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалд хамруулаагүй байна.


Гадаад эзэнтэй компанид ажиллаж байсан монгол жолооч машинтайгаа шатаж, биеийнх нь 97 хувь түлэгджээ   
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй