Шууд Chart

Тереза Мэй "брексит”-ийн талаар парламентад танилцуулна

2018-11-15 12:18:52

Их Британийн Европын Холбооноос гарах нөхцлийн талаарх хэлэлцээрийн төслийг тус засгийн газар зөвшөөрчээ. Ерөнхий сайд Тереза Мэй кабинетын гишүүдтэйгээ таван цаг зөвлөлдсөний эцэст энэ тухай мэдэгдсэн байна. Мөн тэрээр энэ хэлэлцээрээ Нэгдсэн вант улсын үндэсний эрх ашигт хамгаас сайн нийцсэн гэж мэдэгджээ.

Хатагтай Мэй өнөөдөр парламентад үг хэлж, урьдчилсан байдлаар тохироод буй хэлэлцээрийнхээ мөн чанарыг танилцуулна. Гэхдээ, парламентад түүнийг нэлээд хүйтэн хүлээж авч магадгүй байгаа талаар ажиглагчид энэ зуур тэмдэглэж байна. Учир нь Тереза Мэй-н өөрийнх нь тэргүүлдэг Консерватив намын хэсэг улс төрч түүний танилцуулах гэж байгаа төсөлд тун их сэтгэл дундуур байгаагаас Засгийн газарт итгэл үл үзүүлэх хэмжээнд асуудлыг ярихаар зэхэж байгаа мэдээлэлтэй байгаа юм.

Үүнээс гадна “Брексит”-ийн хэлэлцээр Нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал таагүй үр дагавартай тулгарах болно хэмээн Ольстерын юнионистуудийн зүгээс ерөнхий сайдад анхааруулсан байна. Британи, Европын Холбооны төлөөлөгчид мягмар гаригт Брюссельд хийсэн уулзалтаараа “брексит”-ийн асуудлаарх хэлэлцээрийн эхийг урьдчилсан байдлаар бэлэн болгосон юм. Улмаар энэ нь сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээнд томоохон дэвшил болоод байгаа юм.

Хэлэлцээрт, “Брексит”-ийн дараа иргэдийн эрхийг дагаж мөрдөхтэй холбоотой хүлээх үүрэг хариуцлага, Британийг Европын Холбооноос гарсны дараа 21 сар үргэлжлэхээр тооцоолж байгаа шилжилтийн үе, мөн Британиас Европын Холбоонд 39 тэрбум фунт стерлинг төлөх заалт бүхий “туурга тусгаарлах хуулийн төсөл” зэргийг тусгаж байгаа юм. 


Тереза Мэй "брексит”-ийн талаар парламентад танилцуулна  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй