Шууд Chart

Ким Жон Ун “өндөр технологийн” тактикийн шинэ пуужин турших үед байлцжээ

2018-11-16 13:48:54

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун “өндөр технологийн” тактикийн шинэ пуужин турших үед байлцжээ. Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг энэ тухай мэдээлсэн байна.

Гэхдээ тус агентлаг уг зэвсэг нь ямар төрлийнх болохыг тодруулаагүй, гагцхүү маш урт удаан хугацаанд боловсруулсан гэдгийг л дурджээ. Ямартай ч энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд ил болж байгаа анхны томоохон зэвсгийн туршилт гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тохиролцоонд хүрсэн боловч түүнийгээ хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөөг батлаагүй байгаа юм.

Хоёр удирдагчийн дараагийн дээд хэмжээний уулзалтын талаарх яриа хэлэлцээ энэ долоо хоногт болох байсан ч цуцлагдсан. Ерөнхийдөө Сингапурт болсон түүхэн уулзалтаар нэлээд эерүү болоод байсан Умард Солонгос, АНУ-ын харилцаа сүүлийн үед хүйтрэх төлөвтэй байгаа юм. Дээр дурдсанчлан Умард Солонгос ямар төрлийн пуужин туршсанаа мэдээлээгүй. Гэвч тус улс даяарх пуужингийн баазуудын цогц сүлжээний цар хүрээг хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт түшиглэн тодорхойлсон тайлан илтгэл нийтлэгдсэнээс хойш удалгүй энэ мэдээлэл хийгдэж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Өмнөд Солонгос улс харин Умард ямар төрлийн зэвсэг туршсаныг тогтоохоор ажиллаж байна гэсэн байна. Үүний сацуу Умард Солонгосын тал зэвсгийн үйлдвэрлэлээ зогсоох, эсвэл пуужингийн баазуудаа хаах үүрэг одоогоор албан ёсоор хүлээгээгүй байгаа гэдгийг зарим шинжээч сануулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун “өндөр технологийн” тактикийн шинэ пуужин турших үед байлцжээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй