
АНУ-ын Ерөнхий прокурорын газар “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид эрүүгийн хэрэг үүсгэхэд бэлэн байгаа талаар “The Wall Street Journal” сонин мэдээлэл бүхий эх сурвалжаас иш татан уламжилжээ.
Сонины олж авсан мэдээллээр бол Ассанжийг Америкийн хууль шүүхийн байгууллагад шилжүүлэх магадлал ч өндөрсөж байгаа аж. Эквадор улс 2012 онд Ассанжид улстөрийн орогнол олгосон. Тэгэхэд Ассанж өөрийг нь бэлгийн хүчирхийлэлд буруутган мөшгиж байсан Швед улс рүү шилжүүлэгдэхээс зугтан Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд нуугдсан чигээрээ өнөөдрийг хүрч байгаа юм.
Өнгөрсөн онд Эквадорын засгийн эрхэнд Ленин Морено ерөнхийлөгч гарснаас хойш Ассанж болон тус улсын эрх баригчид хоорондын харилцаа эрс хүйтэрсэн нь Ассанжийг шилжүүлж авах америкчуудын найдвар сэргэхэд тус болжээ. Шинэ Ерөнхийлөгч нь Ассанжийг Эквадорын “бөөрөнд наалдсан хачиг” гэсний дээр түүнийг Элчин сайдын яаманд мөнх байлгах аргагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.
Ассанж ч улстөртэй орооцолдохгүй гэж Эквадорын эрх баригчдад өгсөн амлалтаа зөрчиж, Испанитай зөрчилдсөн Каталоны салан тусгаарлагчдыг дэмжсэн нь Мадридын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан. Сергей Скрипалийг хордуулсны хариуд Оросын дипломатчийг хөөсөн Их Британи улсыг Ассанж бас шүүмжилжээ.
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд “Оросуудын оролцоо” байсан эсэхийг судалж байгаа тусгай прокурор Роберт Мюллер “Викиликс” сайтыг хакеруудад хулгайлагдсан Ардчилсан намын олон мянган нууц баримт бичгийг дэлгэж Оросын тагнуулчидтай хамссан гэж мэдэгдсэн юм.
Гаргаж тавих нотолгоонууд нь Эквадорын эрх баригчдыг Ассанжийг гаргаж өгөх шийдвэрт хүргэнэ гэсэн найдлагатайгаар Америкийн Ерөнхий прокурорын газар энэ хүнийг тагнуул хийсэн хэрэгт шууд буруутгаж магадгүйг “The Wall Street Journal”-д мөн бичсэн байна. Гэхдээ одоохондоо Ассанжийг шилжүүлж авах зорилготой ямар ч албан ёсны алхам Вашингтоны зүгээс хийгээгүй байна.
Ассанжийн өмгөөлөгч Барри Поллак шударга мэдээлэл нийтэлсний төлөө шүүхээр мөрдөн мөшгинө гэдэг асар аюултай жишиг тогтооно гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхий прокурорын газар Жулиан Ассанжид эрүүгийн хэрэг үүсгэхэд бэлэн гэв | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.