Шууд Chart

Туркийн шашны номлогч Фетхулла Гюленийг АНУ-аас явуулах боломжийг судалж байна

2018-11-16 14:21:26

АНУ-ын эрх баригчид Туркийн шашны номлогч Фетхулла Гюленийг улсаасаа явуулах боломжийг судалж байгаа талаар “Эн-Би-Си” телевиз АНУ дахь нэрээ хэлээгүй өндөр албан тушаалтнаас иш татан мэдээлсэн байна.  

Туркийн эрх баригчид Гюленийг АНУ-аас гаргуулж авахыг эртнээс эрмэлзэж байгаа юм. Дээрх эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ийм маягаар Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргийн төлөө Анкарагаас Эр-Риядад үзүүлж байгаа шахалтыг бууруулна гэж тооцоолжээ.

"Цагаан ордон" Гюленийг гаргаж өгөх Туркийн хүсэлтийг судлах ажлаа идэвхжүүлэхийг Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоонд даалгасан бол ногоон карттай, 1999 оноос хойш Пенсильвани муж улсад амьдарч байгаа ислам шашны номлогч энэ хүний АНУ-д оршин сууж байгаа нь хууль журамд хэр нийцтэйг нарийвчлан шалгах үүргийг дотоодын аюулаас хамгаалах яамандаа өгсөн талаар "Эн-Би-Си" телевизийн эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.

Гюленийг нутаг буцаах боломжийн талаарх асуудлуудыг АНУ, Туркийн төлөөлөгчид саяхан хэлэлцсэн гэдэг мэдээлэл мөн байна. Анкара энэ хүнийг, мөн энэ хүнтэй холбоотой “Фетхуллачид”-ын алан хядагч байгууллага гээчийг 2016 оны долоодугаар сарын 15-нд болсон төрийн эргэлтэд холбоотой гэж буруутгадаг. Тэгэхэд Туркийн хэсэг цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг барихыг завдсан юм.

Стамбул, Анкара хотуудад гол өрнөсөн тэр үйл явдлын үеэр хуйвалдаанд оролцогсдыг тооцохгүйгээр 250 хүн амь эрсдэж, 2000 гаруй хүн шархаджээ. Тэрхүү хуйвалдаан бүтэлгүйтсний дараа Туркт 50 мянга гаруй хүнийг баривчилж, 160 мянга гаруй төрийн албан хаагч, түүний дотор цэргийнхнийг ажил албанаас нь зайлуулсан байна.

Мөн “ФЕТО” хэмээх Фетхулла Гюленийг дэмжигчдийн хөдөлгөөнд оролцсон хэргээр хэдэн мянган хүн шүүхийн хаалга татжээ. Гюлен өөрөө харин тэрхүү бослогыг зэмлэн буруушааж, түүнд оролцоотойгоо эрс үгүйсгэдэг байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Туркийн шашны номлогч Фетхулла Гюленийг АНУ-аас явуулах боломжийг судалж байна   
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.176.xxx] 2018-11-16 14:40
Төрөө ингэж цэвэрлэдэг байх нь.

Бидэнтэй нэгдээрэй