Шууд Chart

Владимир Путин: Курилын арлуудын харьяаллын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай

2018-11-16 15:57:10

Курилын арлуудын харьяаллын асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа Оросын хэвлэлд ярьсан байна. 

Талууд Сингапурт болсон Зүүн Өмнөд Азийн улс орнуудын холбоо “АСЕАН”-ы хурлын үеэр уулзаж, хоёр улсын 1956 онд байгуулсан тунхаглалд үндэслэн энхийн гэрээний асуудлыг урагшлуулахаар тохирсон юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ “1956 оны хамтарсан тунхаг буюу гал зогсоох гэрээнд тулгуурлаж газар нутгийн маргааны асуудлыг хэлэлцэхэд Япон улс бэлэн” гэж хэлснийг Путин Оросын хэвлэлд ярьсан байна.

Гэхдээ “Хамтарсан тунхагт зөвхөн ЗХУ маргаантай хоёр арлыг Японд шилжүүлэн өгөхөд бэлэн гэж зааснаас шилжүүлж өгөх үндэслэл нь юу байх талаар заагаагүйгээс гадна маргаантай арлуудын захиргааны талаар дурдаагүй, хоёр улс үүнийг нааштай талаас нь судлах хэрэгтэй” гэж Путин тэмдэглэжээ.

Японы хэвлэлд бичсэнээр “Тунхагт арлуудыг буцаан шилжүүлэх нарийн нөхцөл заагаагүйн дээр Япон үүнийг хэрэгжүүлэхээс татгалздаг гэсэн санаагаа давтсанаараа Путин дараа дараагийн яриа хэлэлцээнд өөртөө давуу байдал бий болгохыг хүсч байна” гэж ажиглагчид Оросын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тайлбарлаж байна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Оросын харьяанд байгаа маргаантай дөрвөн арлын талаар Орос, Японы хооронд байгуулсан 1956 оны хамтарсан тунхагт хоёр улс энхийн гэрээ байгуулсны дараа Шикотан, Хабомаи гэдэг хоёр арлыг Японы талд шилжүүлэн өгөхийг Оросын тал зөвшөөрч байна гэж заасан байдаг байна.

Владимир Путин энэ талаар Оросын хэвлэлд ярихдаа Японы парламент энэ тунхагийг соёрхон баталсан ч хэрэгжүүлэхээс татгалздаг гэсэн юм. Хоёр улсын хувьд энд яригдаж байгаа энхийн гэрээгээ ирэх оны зургаадугаар сард ОХУ-д болох “Их 20”-ийн уулзалтын үеэр хэлэлцэгдэж магадгүй гэсэн таамаг хэвлэлийнхний дунд өрнөж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ үеэр ОХУ-д айлчилна гэдгээ мэдэгдээд байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин: Курилын арлуудын харьяаллын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй