Шууд Chart

“Ансар Аллах” хөдөлгөөнийхөн Йемен дэх холбоотнуудын байршил руу халдлага үйлдэхээ зогсоожээ

2018-11-19 10:47:50

Йемений хусит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөний зүгээс Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улсын нутгууд руу болон тэдний Йемен дэх холбоотнуудын байршлууд руу пуужингийн цохилт өгөх, нисгэгчгүй аппаратуудаар халдлага үйлдэхээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Тус хөдөлгөөний мэдэгдлээс иш татан “Ройтерс” агентлаг өчигдөр энэ тухай уламжиллаа. 

“Саудын Араб тэргүүтэй эвсэл энх тайван байдлыг эрмэлзэх нөхцөлд бид илүү өргөн хүрээнд гал зогсооход бэлтгэх болно” гэж тэр баримт бичигт дурджээ.  “Ройтерс” агентлаг түрүүнд нь энэ сарын 15-нд Арабын эвсэл “Ансар Аллах” хөдөлгөөний босогчдын мэдэлд байгаа Йемений баруун талын Ходейда хэмээх боомт хот руу давшилтаа зогсоох тушаал өгсөн талаар мөн мэдээлж байсан юм.

Йеменд 2014 оны наймдугаар сараас хойш Засгийн газрын хүчнийхэн болон хусит босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Саудын Арабаар удирдуулсан эвслийн хүчнийхэн Йеменд цөмрөн орсноор зөрчил мөргөлдөөн улам эрчээ авсан байдаг.

Улмаар 2015 оны хавраас хойш Йеменд 10 мянга гаруй энгийн номхон оршин суугч амь эрсэдсэн. Үүний 2400-гаад нь хүүхэд, 2000-аад нь эмэгтэйчүүд байна гэсэн Йемений хүний эрх, хөгжлийн төвийн мэдээ байгаа юм. Мөн энэ хугацаанд 18500 йемен хүн гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн Ойрхи Дорнодын энэ улсад зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй таслан зогсоохгүй бол дэлхийн сүүлийн 100 жилийн түүхэнд болоогүй их өлсгөлөнгийн аюул 27 гаруй сая хүн амтай Арабын энэ улсад нүүрлэж байгааг НҮБ өнгөрсөн сард анхааруулсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Ансар Аллах” хөдөлгөөнийхөн Йемен дэх холбоотнуудын байршил руу халдлага үйлдэхээ зогсоожээ   
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй