Шууд Chart

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцахдаа АНУ түншлэх бодлого баримталж байна

2018-11-19 11:55:10

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцахдаа АНУ түншлэх бодлого баримталж байгааг мэдэгджээ. Тэрбээр Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт-Морсби хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага-АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.

Майк Пенс энэ үеэр АПЕК-ийн гишүүн орнуудыг “Үндэсний тусгаар бүрэн эрхт байдалд нь аюул учруулах” гадаад өрийн дарамтаас сэрэмжлүүлжээ. Харин Хятад улсын дарга Ши Жинпинь Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Ойрхи Дорнод болон Европ, Африктай гадаад холбоо хэлхээгээ бэхжүүлэхэд чиглэсэн “Нэг бүс-нэг зам” хэмээх улсынхаа гол санаачилгын талаар ярьсан байна. 

Мөн энэ хөтөлбөр нь ямар ч геополитикийн зорилго агуулаагүй гэж Хятадын удирдагч цохон тэмдэглэсний зэрэгцээ түүнийг ямар нэг хаалттай клуб эсвэл “Зарим нэг хүмүүсийн үзэж байгаа шиг өрийн урхи” биш гэдгийг онцолжээ. Ийнхүү Вашингтон, Бээжин хоёр бүс нутгийн хөгжлийн тал дээр өөр өөр арга зам дэвшүүлж байсныг хэвлэлүүд онцолж байна. Энэ нь ч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид түүхэндээ анх удаа төгсгөлийн баримт бичгээр зөвшилцөлд хүрэлгүй тарахад хүргэсэн байж мэдэхийг ажиглагчид дурдаж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой уулзалт хийсэн. Хоёр улстөрч Папуа Шинэ Гвинейн Манус арлын зүүн эрэг дэх тэнгисийн цэргийн баазын шинэчлэлд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Зарим мэдээллээр тус баазыг АНУ Австралитай хамтран ашиглахаар төлөвлөж байгаа нь бүс нутаг дахь Хятадын нөлөөг бууруулахад чиглэсэн алхам гэж шинжээчид дүгнэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцахдаа АНУ түншлэх бодлого баримталж байна  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй