Шууд Chart

Тереза Мэй: Намайг огцруулбал Их Британи Европын Холбооноос гарах үйл явцад саад учирч мэднэ

2018-11-19 13:25:23

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өөрийг нь огцруулсан нөхцөлд улсынх нь Европын Холбооноос гарах үйл явцад саад учирч мэднэ гэж үзэж байна. Брекситийн асуудлаарх нэлээд шүүмжлэл дагуулсан хэлэлцээрийн төслөө танилцуулсных нь дараа түүний Засгийн газарт итгэл үл үзүүлэх уриалга Консерватив намын зүгээс улам хүчтэй болоод байгаа юм.

Ням гарагт Тереза Мэй телевизээр ярихдаа өөрийнх нь танхимд итгэл үл үзүүлэх шийдвэр батлахад парламентийн гишүүдийн саналын тоо хараахан хүрэхгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Ийм үед улс орны удирдлагыг өөрчлөх нь Брекситийн асуудлаарх хэлэлцээнд тус нэмэргүй гэдгийг тэрбээр онцлохын хамт, яриа хэлэлцээ саатахад Брексит ч бас гацаанд орно гэдгийг тэмдэглэсэн байна.

Мөн Британи, Европын Холбооны цаашдын эдийн засгийн харилцааг тодорхойлох улстөрийн тунхагийн агуулгын асуудлаар яриа хэлэлцээ цааш үргэлжлэхийг цохон дурджээ. Энэ яриа хэлэлцээгээр асуудлуудыг Британийн талд нааштайгаар тохирч чадсан нөхцөлд өөрийг нь шүүмжлэгчид тайвширна гэж найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Ерөнхийдөө энэ долоо хоног Британийн Ерөнхий сайдын хувьд тун амаргүй байхыг хэвлэлүүд онцолж байна. Тэдний үзэж байгаагаар, Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлаар байр сууриа тогтоогүй байсан хууль тогтоогчид өнгөрсөн амралтын өдрүүдэд өөр хоорондоо зөвшилцсөний эцэст шийдвэрээ гаргасан байж болзошгүй ажээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Тереза Мэй: Намайг огцруулбал Их Британи Европын Холбооноос гарах үйл явцад саад учирч мэднэ  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй