Шууд Chart

Төсөвт өртгийг хэтрүүлсэн байж болзошгүй тендерүүдийг шалгаж байна

2018-11-19 15:08:44

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн төв болон тус аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад ажиллав. Ийнхүү ажиллах явцад гарсан зөрчлийг багцлан танилцуулж байна.

Тус аймгийн Засаг дарга нь 2017-2018 онд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 11 байгууллагад шинээр олгож, 36 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан ба зөвшөөрлийн хугацааг сунгахдаа улсын тэмдэгтийн хураамжийг огт авч байгаагүй байна. Цогтцэций сумын Засаг даргын захирамжаар 2017 онд 6, 2018 онд 4 аж ахуйн нэгжид тамхи худалдах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон ч улсын тэмдэгтийн хураамжийг мөн л төсөвт төвлөрүүлээгүй. Тус сум нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу 1.7 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Түүнчлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо хэн, хэзээ тогтоосон нь тодорхойгүй гэрчилгээний үнэ гэж 5000 төгрөгийг 2009 оноос эхлэн хурааж ирсэн байна.

Засаг даргын нөөц хөрөнгийн хэмжээг 2018 онд аймагт 1,1 тэрбум, Цогтцэций суманд 56 сая, Ханбогд суманд 45,5, Гурвантэс суманд 15 сая төгрөгөөр тус тус баталсан нь бусад аймаг, сумдын Засаг дарга нарын нөөц хөрөнгийн хэмжээнээс даруй 10 дахин их байлаа. Аймаг, сумдын Засаг дарга нар нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана” гэснийг зөрчжээ. Тухайлбал, нөөц хөрөнгийн үлдэгдэл аймагт 8.4 хувь, Цогтцэций суманд 9.5 хувь, Ханбогд суманд 19.3 хувь, Гурвантэс суманд 8.5 хувь байна.

Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдын сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай танилцах явцад төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болох Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч буюу төслийн эргэн төлөлтөд хяналт тавих зөвлөлийн гишүүн Г, Ханбогд сумын ерөнхий санхүүч буюу төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн Б нарын хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байна. Түүнчлэн зарим сумд төсөл сонгон шалгаруулахтай холбоотой зарыг сумын иргэдэд нээлттэй хүргэдэг эсэх нь тодорхойгүй, ирүүлсэн төслийг албан хэрэг хөтлөлтийн журмаар бүртгэн хүлээж авдаггүй нийтлэг зөрчил гаргажээ. 

Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр орон сууцны хорооллыг барих, Ёлын амны менежментийг сайжруулах зэрэг төсөвт өртгийг хэтрүүлсэн байж болзошгүй, үнийн дүн өндөр анхаарал татсан хэд хэдэн тендерийг татан авч тусгайлан шалгах ажлыг эхлүүллээ.


Төсөвт өртгийг хэтрүүлсэн байж болзошгүй тендерүүдийг шалгаж байна  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй