Шууд Chart

Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1.8 тэрбум доллар хандивлажээ

2018-11-19 16:51:02

Нью-Йорк хотын захирагч асан тэрбумтан Майкл Блумберг АНУ-даа томоохонд ордог эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага болох Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1.8 тэрбум доллар хандивлажээ. 

Энэ алхам нь санхүүгийн нөхцөл тааруутай авьяаслаг залуусыг энэ их сургуульд суралцах боломжийг өргөжүүлэх зорилготой гэж Блумберг “Нью-Йорк таймс” сонины сайтад нийтлүүлсэн өгүүлэлдээ мэдээлсэн байна. Блумберг “Өөрийнх нь эсвэл гэр бүлийнх нь дансанд хангалттай мөнгө байхгүй гэдэг нь дунд сургуулийн нэг ч төгсөгчийн их сургууль, коллежид орох замд хаалт болох ёсгүй. Гэвч ийм зүйл байнга болж байна” гэж тэмдэглэжээ.

“Цөөхөн хэдээс бусад бүх их, дээд сургууль элсэгчийнхээ төлбөрийн чадварыг гол шалгуур болгодог. Энэ байдлаас болоод бага, дунд орлоготой өрхөөс гаралтай хүүхэд залууст тогтмол татгалзсан хариу өгч, оронд нь өндөр орлоготой айлын хүүхдүүдийг элсүүлж байгааг” тэрбумтан өгүүлэлдээ бичжээ.

Тэрбээр өөрөө 1964 онд Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийг төгссөн юм байна. Харин тус их сургуулийн захиргаа энэ тухай мэдэгдэлдээ, дээрх өгөөмөр хандивын ачаар хамгийн өндөр сурлагын амжилт гаргасан суралцагчдыг ар гэрийн нөхцөл харгалзахгүй сургах боломж бүрдэж байгааг онцолжээ.

Нью-Йорк хотын хуучин даргын энэ хандив АНУ-ын эрдэм шинжилгээ-боловсролын байгууллагуудын түүхэнд нэг дор авсан хамгийн том хандив болж байна. Мөн АНУ-ын 53 их сургууль, коллежийн нийт сан хөмрөгөөс давсан дүн болж буй юм байна.

Мөн ”The Wall Street Journal”-д мэдээлснээр, Жон Хопкинсийн их сургуулийг төгсөгчдийн 44 хувь нь сургуулиа дүүргэхдээ дунджаар 24 мянган долларын өртэй болдог байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1.8 тэрбум доллар хандивлажээ  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй