Шууд Chart

АНУ Мексиктэй залгаа хил орчимд байрлаж байгаа цэргээ эргүүлэн татна

2018-11-20 13:39:03

АНУ-ын Батлан хамгаалах яам Мексиктэй залгаа хил орчимд байрлаж байгаа 5800 цэргийн албан хаагчаа ирэх долоо хоногоос эргүүлэн татна. Баруун урд хил дээрх ажиллагааг удирдаж байгаа АНУ-ын армийн дэслэгч-генерал Жеффри Бьюкененээс иш татан “Политико” сонинд өчигдөр энэ тухай мэдээлсэн байна.

Конгрессийн завсрын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Трампын Америк-Мексикийн хил рүү илгээсэн бүх цэрэг Зул сарын баяраас өмнө гэртээ харьсан байх ёстой гэж энэ командлагч ярьжээ.

Түүнчлэн АНУ-д хууль бусаар нэвтрэхийг санаархаж байгаа “дүрвэгчдийн цуваа” гээчид багтсан хүмүүстэй хил орчмын мөргөлдөөн үүсч даамжрах нөхцөлд хилчдэд халхавч болохыг хүссэн Дотоодын аюулгүй байдлын яамны хүсэлтийг Батлан хамгаалах яам буцаасан талаар өмнө нь хэвлэлүүдээр гарсан мэдээллийг Бьюкенен баталсан байна.

Тэрбээр “Тэр бол хууль сахиулах байгууллагуудын ажил. Улс орны дотоодод ийм хүсэлтийг хангаж ажиллах эрх мэдэл Батлан хамгаалахын сайдад байхгүй” гэж хэлжээ.

Одоогийн байдлаар АНУ-тай залгаа Мексикийн Тихуана хотын орчимд 1000 гаруй дүрвэгч очоод байгаа аж. Тэд одоогоор хөрш улс руу гарахыг оролдоогүй байгаа юм байна. Мексикийн эрх баригчид улсаар нь дамжин ирж байгаа Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдыг зогсоохгүй бол цэргийнхэнд хандаж, өмнөд хилээ хаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ням гарагт мэдэгдсэн.

Мөн иргэдээ АНУ руу хууль бус цагаачлахаас сэргийлэх ямар ч алхам хийхгүй байгаад Гватемал, Гондурас, Сальвадорын эрх баригчдыг буруутгажээ. Өнгөрсөн сарын сүүлчээр Трамп дүрвэгчдийн цувааг зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээрх цэргийн тоогоо 15 мянга болтол нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан. Харин энэ сарын 9-нд хууль бус цагаачдад орогнол олгохоос татгалзах зарлиг баталсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Мексиктэй залгаа хил орчимд байрлаж байгаа цэргээ эргүүлэн татна   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй