Шууд Chart

Йемений 22 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна

2018-11-21 15:20:48

Йеменд гурав дах жилдээ үргэлжилж буй дайны улмаас 5 хүртэлх насны 85 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж нас баржээ. Энэ нь Британийн хоёрдох том хот Бирмингемийн тав хүртэлх насны бүх хүүхдийн тоотой тэнцүү гэсэн үг болж байгааг Британийн “Хүүхдийг ивээх сан” буяны байгууллага мэдээллээ. 14 сая Йеменчүүд өлсгөлөнгийн ирмэг дээр байгааг өнгөрсөн сард НҮБ анхааруулж байсан.

Өнөөгийн түүхэнд хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал үүсэх шалтгаан болсон энэхүү дайныг зогсоох яриа хэлэлцээг НҮБ сэргээхээр чармайж байгаа. Йемен улс ч дайны хөлд бүрэн сүйдэж, ерөнхийлөгч Мансур Хадийг хилийн чанад руу зугтахад хүргэсэн Хуту омгийн босогчдын хөдөлгөөний эсрэг Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчин агаарын дайралт эхлүүлснээр 2015 оноос мөргөлдөөн улам хурцадсан. Наад зах нь 6800 энгийн номхон иргэд дайн хямралын хөлд үрэгдэж, 10700 хүн шархадсан гэсэн НҮБ-ын мэдээ байгаа юм.

Дайн тулаан болон хэсэгчилсэн бүслэлтүүдийн улмаас 22 сая хүн хүмүүнлэгийн тусламж шаардлагатай нөхцөлд амь зууж, хүнсний аюулгүй байдал талаасаа ч онц байдал үүссэнээр 1,2 сая хүнийг хамарсан холер өвчин дэгдэхэд хүргэсэн. Үүний зэрэгцээ нас баралтын тоог яг таг гаргахад бэрхшээлтэй байгааг хүмүүнлэгийн байгууллагууд тэмдэглэж байгаа. Йемений эрүүл мэндийн байгууллагуудын тал хүрэхгүй хувь нь үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ эмнэлэгт хандах ч чадалгүйгээс маш олон хүн хяналтаас гадуур өнгөрч байгаа юм байна.


Йемений 22 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй