
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох "Интерпол"-д элсэх хүсэлтийг нь тасалдуулсанд "хилэгнэж" Косово Сербиэс авдаг импортдоо 100 хувийн гаалийн татвар ногдуулжээ.
Тэр даруй Серби улс энэ шийдвэрийнх нь улмаас бүх худалдаа саатна гэдгийг анхааруулсан бол Европын Холбоо шийдвэрээ нэн даруй эргэн харах шаардлагатайг мэдэгдсэн байна.
Косово “түрэмгий аян” өрнүүлж байна гэдэг шалтгаанаар энэ сарын 6-нд Серби болон Босни Герцоговиноос авдаг бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулсан нь хөрш орнуудын хооронд зөрчилдөөн үүсгээд байсан юм. Зарим жижиг улс өөрийнх нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө цуцлахаар шийдвэрлэсэнд Косово "хилэгнэж", Белградыг ийм “хор хутгасан”-д буруутгаж байсан.
Албани үндэстнүүдээс голдуу бүрддэг Косовогийн тусгаар тогтнолыг дэлхийн 110 гаруй улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин ОХУ болон Испани, Грек зэрэг Европын Холбооны зарим улс хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг юм. Гэтэл өчигдөр хуралдсан "Интерпол"-ын ерөнхий чуулган Косовогийн гурав дахь удаагаа гаргасан элсэх хүсэлтэд татгалзсан юм.
Үүний улмаас Косово Сербийг өөрийн нэг муж байсан хөрш оронтойгоо харилцаагаа хэвийн болгох санаагүйгээр барахгүй түүний эсрэг “харгис кампанит ажил” өрнүүлж байна гэж гомдоллож байна.
Косово "Интерпол"-д элсэх шийдвэрээ баталгаажуулахын тулд 1.2 сая еврогийн зарлага гаргасан гэдэг мэдээлэл байгаа юм. Косово Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын гишүүн болсон нөхцөлд 1998-1999 оны Косовогийн дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж буй цэргийн дарга, командлагч нарыг эрэн сурвалжлах ажил эхлүүлж магадгүй гэж Сербийн албаны хүмүүс болгоомжилж байгаа юм. 2008 онд өөрөөс нь салан тусгаарласан Косовог Белград одоо хэр нь албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй юм.
Косово Сербиэс авдаг импортдоо 100 хувийн гаалийн татвар ногдуулжээ | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.