Шууд Chart

Дональд Трамп нефтийн үнийг бууруулсанд талархал илэрхийлжээ

2018-11-22 12:12:03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нефтийн үнийг бууруулсанд Саудын Араб улсад талархал илэрхийлжээ. Тэрбээр өөрийн "твиттер" хуудсанд 82 доллараас 54 доллар руу буусан нефтийн үнийн уналтыг татвар багассантай зүйрлэсэн байна. 

Энэ сарын 20-нд “Брент" маркийн нефтийн захиалга худалдааны үнэ торх тутам 62.5 доллар болж буурсан бол “Даблю-Ти-Ай” маркийнх 53.5 доллар болжээ. Мөн тэр өдөр Дональд Трамп Саудын эрх баригчдыг АНУ болон өрнөдийн олон орон сэтгүүлч Жамал Хашоггийн аллагад буруутгаж байгаагаас үл хамааран Саудын Арабтай сайн харилцаагаа хэвээр хадгалахыг хүсч байгаа талаараа өөдрөг мэдэгдэл хийж байсан юм.

Мөн Саудын Арабын эрх баригчид Вашингтоны хүсэлт гуйлтыг “чилээлгүй” гүйцэлдүүлдэг тул тус улсад хориг тавихгүй гэдэг амлалтыг АНУ-ын төрийн тэргүүн өгсөн юм. Түүнчлэн АНУ тус вант улстай цэргийн хамтын ажиллагаагаа зогсоовол ОХУ, БНХАУ-д “бэлэг” барьснаас ялгаагүй гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ.

“Брент” маркийн нефтийн үнэ аравдугаар сард нэг баррель нь 82 доллараас “Даблю-Ти-Ай” сортынх 73 доллараас давж байсан. Гэтэл ердөө сар хагасын дотор энэ хоёр маркийн нефть хоёул 25 орчим хувиар хямдраад байна.

Хөрөнгийн зах зээл дээр ханш мэдэгдэхүйц буурсантай зэрэгцэн нефть ийнхүү хямдарч байна. "Facebook", "Apple", "Amazon", "Netflix", "Google" зэрэг АНУ-ын технологийн том компаниуд сүүлийн үед хөрөнгийн зах зээлээс нийтдээ нэг их наяд долларын алдагдал хүлээжээ.

Ираны эсрэг АНУ-ын хориг болон “ОПЕК+” группийн орнууд нефтийн олборлолтоо бууруулахаар тохирсон зэргээс үүдэн сүүлийн нэг жилд дэлхийн зах зээл дээр энэ түүхий эдийн үнэ нэмэгдэх хандлагатай байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп нефтийн үнийг бууруулсанд талархал илэрхийлжээ   
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй