
Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээнээс хүмүүнлэгийн тусламжийг хасах журмыг хялбаршуулж магадгүй гэдгээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдлээ.
Пхеньянд хүмүүнлэгийн тусламж хүргэх үйл явц төвөг чирэгдэл хэтэрхий ихтэй байна гэсэн гомдол шүүмжлэл олонтаа гарч байгаа юм. Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хаалттай хуралдаж, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөрүүдтэй холбогдуулж авсан хориг арга хэмжээний хэрэгжилтийн тайлан илтгэлийг авч хэлэлцсэн байна.
Хуралдааны дараа тус зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг Швед улсын суурин төлөөлөгч Олоф Скуг уншиж танилцуулжээ. Умард Солонгосын Засгийн газар улсдаа үүссэн хүнс, эм тарианы гачигдлыг шийдвэрлэх гол үүрэгтэй гэдгийг илтгэлд онцолсон байна. Хүмүүнлэгийн тусламжийг хориг арга хэмжээний жагсаалтаас хасах үйл явц хэтэрхий их чирэгдэлтэй байгаагаас хүмүүнлэгийн олон байгууллага асуудал шийдэгдэхийг хүлээж ихээхэн цаг алдаж байгааг мөн дурдсан байна.
Тухайлбал, Умард Солонгост ажиллаж байгаа НҮБ-ын болон бусад улсын хүмүүнлэгийн ажилтнууд руу мөнгө болон бусад шаардлагатай тусламж гуйвуулахад хил гааль, банкин дээр ихээхэн бэрхшээл учирдгийг Аюулгүйн зөвлөл онцолжээ.
Хориг арга хэмжээг хөнгөлөх тал дээр АНУ болгоомжлонгуй байр суурьтай байгаа нь мөнгө санхүүгийн тусламжийг Умардын эрх баригчид цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд рүүгээ зувчуулж болзошгүй гэдэг хардлагаас үүдэлтэй. Харин БНХАУ, ОХУ болон Европ, Африкийн зарим улс Ардчилсан Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэхийн төлөө байна.
Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээнээс хүмүүнлэгийн тусламжийг хасах журмыг хялбаршуулж магадгүй | ||
Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.