Шууд Chart

Британийн сөрөг хүчин Ерөнхий сайд Тереза Мэйг эрс шүүмжиллээ

2018-11-23 11:52:50

Европ, Британийн цаашдын харилцааны талаарх гэрээний асуудлаар Британийн сөрөг хүчин Ерөнхий сайд Тереза Мэйг эрс шүүмжиллээ. Тереза Мэй өчигдөр Брекситийн гэрээтэй хамт хэлэлцэж байгаа Европ, Британийн цаашдын харилцааны талаарх гэрээгээр парламентдаа тайлбар хийсэн байна.

Тэрбээр энэ тухай парламентийн гишүүдэд тайлбар хийхдээ “Гибралтарын арлыг захиран тохинуулах асуудлыг баталгаажуулах үүднээс Европын удирдагчид, тэр дундаа Испанийн талтай тохиролцоо хийсэн” гэж хэлсэн байна. Үүнийх нь хариуд Британийн сөрөг хүчний дарга Жереми Корбин “26 хуудастай хэрэггүй зүйл” хэмээн гэрээг шүүмжилжээ.

Жереми Корбин хэлэлцээрийг хоёрдмол утга санаатай байна гэж харуулахын тулд нэг хэсгээс нь уншиж өгчээ. Энэ хэсэгт “Арлыг хамтран эзэмших үүднээс талууд оновчтой зохицуулалт хийхэд анхаарна” гэсэн байна. Ерөнхий сайд Тереза Мэй энэ талаар сөрөг хүчин Хөдөлмөрийн намаас нэг бус удаа санал авсан гэсэн ч Жереми Корбин энэ гэрээг саналыг нь тусгаагүй, маш хаалттай, муу гэрээ болсон гэж шүүмжилжээ.

Гиралтарын арлын асуудлаас гадна Ирланд, Умард Ирландын хилийн асуудал зэргээр парламентийн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Одоо Тереза Мэй Брюссель руу буцаж, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкертэй дахин хэлэлцээ хийнэ. Мөн Британийн зүгээс Гибралтарын арлын асуудлаар Испанитай гэрээ байгуулах зорилготой байна. Учир нь Гибралтарын асуудлыг гэрээнд заавал тодорхой тусгаж, хоёр тал шууд хэлэлцээ хийж шийдэх ёстой гэж Испани үзэж байгаа юм.

Хэрэв Британи Европтой тохиролцож Брекситийн болон Европ, Британийн цаашдын харилцааны талаарх гэрээ байгуулж чадвал парламентаар хэлэлцүүлж эхэлнэ. Британийн парламент гэрээнүүдийг дэмжиж баталсны дараа Европарламент хэлэлцэж батлах хэрэгтэй болно.

Өчигдөр Европын холбооны удирагчид Брекситийн гэрээний төслийг яриа хэлэлцээний түвшинд, Европ, Британийн цаашдын харилцааны талаарх гэрээг улс төрийн түвшинд зарчмын хувьд тохиролцсон" гэж Европын комиссын дарга Жан Клод Юнкер "твиттер" хуудсаараа мэдэгдээд байсан юм. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Британийн сөрөг хүчин Ерөнхий сайд Тереза Мэйг эрс шүүмжиллээ   
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй