Шууд Chart

Франц улсад 2019 оны туршид түлш, шатахууны татвар нэмэгдэхгүй

2018-12-06 11:15:24

Францад ирэх 2019 оны туршид түлш шатахууны татвар нэмэгдэхгүй болжээ. Тус улсын экологийн яамны сайд Франсуа де Рюжи өчигдөр “Би-Эм-Эф” телевизийн шууд эфирээр ярихдаа “Түлш шатахууны татвар нэмэхийг ирэх 2019 онд бүхэлд нь цуцалсан” гэж мэдээлжээ.

Францын Ерөнхий сайд Эдуар Филипп өмнөх өдөр нь “шар хантаазтнууд”-ын шаардлагуудын хариуд Засгийн газраас баталж байгаа арга хэмжээний талаар зарласан юм. Энэ хүрээнд бензин, дизель түлшинд нэмэлт татвар ногдуулахыг зургаан сараар хойшлуулж, автомашины техник үзлэгийн үнийг нэмэхийг болиулж, цахилгаан эрчим хүч, хийн үнийг түр царцаахаар болсныг мэдээлсэн.

Францын парламентын доод танхим өчигдөр орой Засгийн газраас санал болгосон татварын багц арга хэмжээг баталсан байна. Одоо энэ асуудлаар Сенат буюу парламентын дээд танхим байр сууриа илэрхийлэх ёстой юм. Мөн Ерөнхий сайд Эдуар Филипп өнөөдөр Сенатад үг хэлэх товтой байна.

Францад өнгөрсөн сарын дунд үеэс бензины үнийн өсөлтийг эсэргүүцсэн “шар хантаазтнууд”-ын хөдөлгөөний зохион байгуулсан олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа газар аваад байгаа. Тэд 2019 он гарангуут бензины үнийг гурван центээр, дизель түлшнийхийг 6.5 центээр нэмэх эрх баригчдынхаа төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байсан юм.

Нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсан уг төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн жагсаалын үеэр байн байн үймээн, эмх замбараагүй байдал дэгдэж байсан. Нийтдээ гурван долоо хоног гаруй үргэлжилж буй энэ эсэргүүцэл тэмцлийн хөлд гурван хүний амь эрсэдсэн бол өнгөрөгч бямба гарагт Парисийн төвд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 130 гаруй хүн бэртэж, гэмтсэн мэдээ байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Франц улсад 2019 оны туршид түлш, шатахууны татвар нэмэгдэхгүй  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй