
Канадын Засгийн газар харилцаа холбооны “Хуавэй” компанийн Санхүү эрхэлсэн захирал Ваньчжоу Менийг саатуулжээ. “The Globe and Mail” сонинд энэ тухай мэдээлсэн байна. Ваньчжоу Менийг Ираны эсрэг АНУ-ын худалдааны хоригийг зөрчсөн хэрэгт буруутгаж, шилжүүлэн авахаар Америкийн эрх баригчдын гаргасан хүсэлтийн дагуу саатуулсан юм байна.
Түүнийг 12 дугаар сарын 1-нд Ванкуверт саатуулсан, барьцаа төлбөрийн асуудлаарх шүүх хурал нь энэ баасан гарагт болно гэдгийг Канадын хууль зүйн яамны төлөөлөгч нотолжээ.
Ваньчжоу Мен нь "Хуавэй" компанийг үндэслэгч Жэнь Чжэнфэйн охин, “Хуавэй текноложиз” компанийн удирдах зөвлөлийн орлогч даргын алба хашдаг юм байна. Хятадын энэ компанийн эсрэг явуулж байгаа мөрдөн шалгалтын тухай анх энэ оны дөрөвдүгээр сард ил болж байсан юм.
Америкийн хууль сахиулах байгууллагууд хятадуудыг 2016 оноос хойш АНУ-аас нууцаар бүтээгдэхүүн дамжуулан гаргаж байсан гэж үзэж буй аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны тавдугаар сарын 8-нд Тегераны цөмийн боловсруулалтыг хязгаарлахаар заасан Иж бүрэн гэрээнээс Вашингтон гарч байгааг зарласан.
Тэгэхдээ Трамп урьд өмнө Ираны эсрэг хэрэгжүүлж байсан хоригуудаа сэргээгээд зогсохгүй, шинээр хориг арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан юм. Эхний хэсэг хоригийг өнгөрөгч наймдугаар сарын 7-нд шилжих шөнөөс сэргээж, тэр хүрээнд Ираны автомашин үйлдвэрлэлийн сектор, алт, үнэт металлын худалдаанд хязгаар тогтоосон. Харин өнгөрсөн 11 дүгээр сарын 5-наас Ираны нефтийн салбарын эсрэг шинэ хоригууд хэрэгжиж эхлээд байгаа юм.
“Хуавэй” компанийн Санхүү эрхэлсэн захирал Ваньчжоу Менийг саатуулжээ | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.