Шууд Chart

Өнөөдөр Стокгольм хотод "Нобелийн шагнал гардуулах ёслол" болно

2018-12-10 12:26:54

Өнөөдөр Шведийн нийслэл Стокгольм хотод "Нобелийн шагнал гардуулах ёслол", шагналтнууд болон зочид гийчдэд зориулсан баярын хүлээн авалт болно.

Шагналтнуудыг өнгөрөгч аравдугаар сард зарласан. АНУ, Канад, Франц, Япон, Их Британи, Ардчилсан Конго, Иракийн нийт 12 хүн энэ жилийн Нобелийн шагналын эзнээр тодорсон юм.

Анагаах ухаан, физиологийн салбарын шагналыг АНУ, Японы эрдэмтэд хорт хавдрын эмчилгээнд хийсэн нээлтээрээ хүртсэн бол физикийн салбарынхыг оптик хямсаа, түүнийг анагаах ухаанд хэрэглэх хэрэглээг сэдэж, хэт богино гэрлийн хүчдэл боловсруулсан лазерийн физикийн салбарт нээлтээрээ Франц, Канадын эрдэмтэд хүртсэн юм.

Оптик хямсаа гэдэг нь лазерийн туяаны тусламжтай объектийг хөдөлгөж зөөдөг багаж юм. Жишээ нь, амьд бактер юм уу, томоохон молекулуудыг энэ төхөөрөмжийн тусламжтайгаар зөөвөрлөж болдог. Түүнээс гадна лазер туяагаар тодорхой зүйлийг хэрэгтэй чиглэлдээ түлхэх юм уу, чирж аваачих, эргүүлэх, хэсэглэж хуваах боломжтой байдаг байна.

Харин химийн салбарын Нобелийн шагналыг шаардлагатай шинж чанарууд агуулсан уураг шинээр бий болгодог багаж санаачилсан АНУ-ын хоёр, Их  Британийн нэг эрдэмтэн хүртсэн.

Утга зохиолын салбарт энэ жил Нобелийн шагналтан тодруулаагүй. Энэ шагналыг олгодог Шведийн академид харьяалагддаг соёлын зүтгэлтэн бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт холбогдсоноос энэ жилийг алгасч шагналаа ирэх жил олгохоор шийдвэрлэсэн юм.

Нобелийн энх тайвны шагналыг Ардчилсан Конгын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, Иракийн Хүний эрхийн төлөө тэмцэгч Надя Мурад нарт бэлгийн хүчирхийллийг дайн хямралын зэвсэг болгон ашигладаг байдлыг таслан зогсоохын төлөөх хүчин чармайлтынх нь төлөө олгосон.

Энх тайвны шагналыг Стокгольмд бус Норвегийн нийслэл Ослод уламжлал ёсоор гардуулах юм байна. 1968 онд Шведийн Төв банкнаас Альфред Нобелийн дурсгалд зориулж бий болгосон эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудаар энэ жил АНУ-ын профессор Уильям Нордхаузс, Поль Ромер нар инновац болон уур амьсгалын асуудлыг эдийн засгийн өсөлттэй уялдуулахтай холбоотой судалгааны ажлаараа хүртсэн. Гэхдээ энэ шагналыг хууль зүйн талаасаа, Нобелийн шагнал гэж хүлээн зөвшөөрдөггүй юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Өнөөдөр Стокгольм хотод "Нобелийн шагнал гардуулах ёслол" болно   
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй