Шууд Chart

1800 онд Вашингтон хот АНУ-ын нийслэл болжээ

2018-12-12 12:59:37

1800 ОНД ВАШИНГТОН ХОТ АНУ-ЫН НИЙСЛЭЛ БОЛЖЭЭ

Вашингтон буюу Колумбын тойрог нь, Америк тусгаар тогтнолоо зарласны дараа, 1800 оны энэ өдөр, АНУ-ын нийслэл болжээ. Уг хот нь анх 1790 онд байгуулагджээ. Нийслэлийн нэрийг тус улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр ийн нэрлэсэн байна. АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музей байдаг. 

Нийслэл хотын оршин суугч бараг 600 гаран мянга боловч, ажлын 7 хоногуудад энэ хот сая гаруй хүнтэй болдог байна. АНУ-ын нийслэл хотод 172 тооны улс орны элчин сайдын яамд, мөн НҮБ, дэлхийн банк, Олон улсын Валютын сан зэрэг дэлхийн томоохон байгууллагын төвүүд байрладаг.

1901 ОНД ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АНХНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДЖЭЭ

Ширээний теннисний спортыг яг хэдий үед хаана тоглож байсан талаар тодорхой баримт мэдээлэл байдаггүй. Гэхдээ, ширээний теннисний спорт нь 19-р зууны сүүлчийн хагаст Англи улсад тоглож байсан тухай тэмдэглэл үлдсэн байдаг учраас, Английн судлаачид эх орондоо үүссэн хэмээн тайлбарладаг байна. Тиймээс ч, Англи улсад 1901 оны энэ өдөр, олон улсын ширээний теннисний холбоо байгуулагджээ. Ширээний теннисний спортын хөгжилд томоохон түлхэц оруулсан хүн бол, Английн инженер Жэймс Гибб юм. Тэрээр, Америкаар аялж байхдаа, тоглоомын дэлгүүрт хуванцраар хийсэн бөмбөг байхыг олж үзээд, Англид авчирсан байна.

Улмаар, уг бөмбөгнөөс санаа авч, материалыг сайжруулж, үйсэн бөмбөгөөр сольжээ. Хуванцар бөмбөгнөөс гарч байгаа чимээнээс үүдэж, Гибб энэхүү спортын нэрийг Пинг Понг хэмээн нэрлэх болжээ. Улмаар, 4 жилийн дараа буюу 1905 онд, ширээний теннисний холбоо Пинг Понгийн холбоо болгон нэрээ өөрчилсөн байна.

1876 ОНД ОЛИМПИЙН НААДМЫН ДӨРВӨН УДААГИЙН АВАРГА АЛЬВИН КРЕНЦЛАЙН МЭНДЭЛЖЭЭ

Олимпийн  нэн шинэ түүхийн “100 агуу тамирчид” жагсаалтад багтсан Америкийн хөнгөн атлетикч Альвин Кристиан Кренцлайн 141  жилийн өмнө 1876 оны энэ өдөр төржээ.  Шүдний эмч тэрээр  1897 онд 21 настайдаа спортын анхны  ялалтаа сонирхогчдын хөнгөн атлетикийн холбооны тэмцээн дээр байгуулжээ. Тэрээр 220 ярдын саадтай  гүйлтийн аварга болжээ. Дараагийн 5 жилд нь уг холбооны таван удаагийн аварга болов. Крэнцлайн  саадтай гүйлтийн саадыг шулуун хөлөөр даваж эхлэх спортын шинэ техникийг анхлан зохиожээ. Парисын 1900 оны олимпийн тоглолтод тэр дөрвөн төрлөөр оролцон дөрвөн алтан медал авсан байв.

 Крэнцлайн 110 метрийн саадтай гүйлтэд дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна уртын харайлтад түрүүлжээ. Уртын харайлтад Америкийн Майер Принштейн эхний өдрөөс тэргүүлж байгаа ням гаригийн финалын тоглолтод шашины зан үйлдлээс болон оролцсонгүй. Харин тийм саадгүй байсан Крэнцлайн,  Принштайны дээд амжилтыг нэг см-аар ахиулан алтан медаль авсан байв.

1963 ОНД КЕНИ УЛС ТУСГААР ТОГТНОЖЭЭ

1963 оны энэ өдөр, Кени улс тусгаар тогтнож байгаагаа зарлаж, Бүгд найрамдах Кени улсыг байгуулжээ. 1890 онд, Англи Германчууд Африкийн зүүн хэсэгт оршин суух болсноор, Кени 1920 онд Английн колони болсон юм. Үүнээс хойш, 43 жилийн дараа, тус улс тусгаар тогтножээ. Өнөөдрийн байдлаар тус улсад, 42 сая ястан бүхий 41 орчим сая хүн амьдарч байна. Кени бол хүн төрөлхтний үүсч бий болсон нутгийн нэг бөгөөд, энэ бүс нутгаас 2 сая гаран жилийн өмнө амьдарч байсан хүний гавлын чулуужсан яс олдсон байна. Кени улсын хууль тогтоох дээд байгууллага нь парламент бөгөөд, ерөнхийлөгчийн засаглалтай.

Улсын үндсэн хэл нь суахали болон англи хэл юм. Хүн амынх нь 80 хувь нь дэлхийн зах зээлд кофе, цай, жимс ногоо нийлүүлдэг, хөдөө аж ахуй эрхэлж амьдардаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1800 онд Вашингтон хот АНУ-ын нийслэл болжээ  
Үзсэн: 3301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй