Шууд Chart

Шинэ он гарах мөчийг хамгийн гайхалтай угтдаг хотууд

2018-12-24 09:00:00

Шинэ он гарах мөчийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ угтах нь гайхалтай дурсамжийг үлдээдэг. Гэрэлт гудамжинд салют, оргилуун дарс буудуулж, мартагдахааргүй нэгэн үдшийг хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт баяр хөөртэй өнгөрүүлдэг юм. Шинэ оныг хамгийн гайхалтай угтдаг 10 хотыг “Си Эн Эн” агентлаг жагсаажээ. Энэхүү мэдээллийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

10. АНУ-ын Лас Вегас хот

Лас Вегас бол хүн бүхний очиж үзэхийг хүсдэг газруудын нэг. Бүтэн жилийн турш цэнгээн, наргиан тасардаггүй энэхүү хот шинэ жилийн орой гудамжиндаа машин явахыг хориглодог байна. Гудамж, талбай хүмүүсээр дүүрч, хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг ажээ. Мөн казиногийн дээврүүд дээрээс салют буудуулах нь гэрлийн шоу болж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Энэхүү гайхалтай үзвэрийг жуулчид “Стратрсфер” цамхагаас харах боломжтой юм байна.

9. Нью-Йорк дахь “Таймс Скуэр”

Нью-Йорк хотын “Таймс Скуэр” дэлхийн хамгийн алдартай гэгдэх газруудын нэг билээ. Жуулчдын тус хотод аялахдаа үзэхийг хүсдэг гол газруудын нэг нь юм. Энэхүү талбайд байрлах том, том дэлгэцийн дор зогсон олны дунд шинэ он гарах мөчийг хүлээх нь хамгийн гайхалтай дурсамжийг үлдээдэг.

8. Бразилийн Рио де Жанейро

Хэрвээ та дулаахан далайн эрэг дээр хоёр сая орчим хүний хамт шинэ оноо угтахыг хүсвэл Бразилийн нийслэл Рио де Жанейрог зориорой. Копакабана эрэгт тэмдэглэн өнгөрүүлдэг шинэ жилийн орой хөгжим, бүжиг, салют зэрэг олон сайхан зүйлээс бүрддэг.

7. Английн Лондон хот

Лондон хотод шинэ жил угтаж буй хүнд салют буудуулахыг завин дээрээс харах боломж бий. Мөн Примрөүз, Парлиамент зэрэг толгодоос шинэ он угтах ёслолыг харах боломжтой.

6. Өмнөд Африкийн “Кэйп таун”

Кэйп-Таун нь Африк төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Шинэ жилээр тус хотын тэнгэрийг салютын гэрэл улам үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.

 

5. ОХУ-ын нийслэл Москва

Хүйтэн ч гэлээ Москва хотын “Улаан талбай”-д шинэ оноо угтан, салют буудахыг харах нь хүний амьдралд бас нэгэн гайхалтай дүр зураг болон үлддэг байна. Тус хотод зочлохдоо жуулчид Ленингийн хөшөө болон хүйтэн дайны үеийн дурсгалуудыг үзэж сонирхдог ажээ.

4. АНЭУ-ын Дубай

Элсэн цөл дунд байрлах Дубай хотод шинэ жилээ өнгөрүүлэх нь бас нэгэн гайхалтай санаануудын нэг байж болох юм. Дубайд байрлах “Бурж Калифа” барилга нь дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд түүнээс салют цацрах нь гайхалтай харагддаг.

3. Тайландын Бангкок

Тайланд улсын нийслэл Бангкок хотын шөнө нь өдөр мэт байдгаараа алдартай. Хэрвээ та олон хүний дунд шинэ жилээ угтахыг хүсвэл тус хотод зочлоорой. Энэ хотын “Централ Ворлд Плаза”-д шинэ жилийг угтахаар маш олон хүн цуглардаг байна.

2. БНХАУ-ын Хонгконг

Хонгконгийн тэнгэр баганадсан барилгууд хэн бүхэнд гайхалтай харагддаг. Шинэ жилийн орой буудуулах салют ч түүнээс дутахааргүй байдаг байна. Та тус хотод зочилж байхдаа “Өүшн Парк” соёл, амралтын хүрээлэнгээр дайраад гараарай.

1. Австралийн Сидней

Шинэ он гарах мөчийг хамгийн гайхалтай угтдаг хотын жагсаалтыг Австрали улсын Сидней хот тэргүүлжээ. Дэлхийн томоохон хотуудаас шинэ оноо хамгийн түрүүнд Сидней хот угтдаг. Энэ хотын “Опера хаус”-ын дээгүүр салют буудуулахыг харах нь жуулчдад гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг байна.

 

Нийтэлсэн: А.Баянмөнх

Шинэ он гарах мөчийг хамгийн гайхалтай угтдаг хотууд  
Үзсэн: 1796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-24 18:06
Гоё юм аа

Бидэнтэй нэгдээрэй