
Германы хууль тогтоогчид Исламын шашин шүтдэг иргэдээ гадны хэт үзэлд автахаас сэргийлж, лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна. Учир нь энэ улсад үйл ажиллагаа явуулдаг лалын сүмүүдийг гадаадын улсуудаас удирдаж санхүүжүүлдэг төдийгүй сүүлийн үед хүрээгээ тэлэх хандлагатай болсон гэх мэдээ байна.
Тиймээс парламентийн зарим гишүүн нь сүүлийн жилүүдэд Берлинийг зовоох болсон энэ асуудлыг шийдвэрлэх санал гаргасан байна. Үүнд Германд үйл ажиллагаа явуулдаг лалын бүх сүм хийдүүд онцгой татвар төлж, түүнийг нь төрөөс Исламын шашны байгууллага хэмээн албан ёсоор бүртгэгдсэн бүх сүм хийдэд эргүүлэн хуваарилах аж.
Үүнтэй ижил төрлийн татварыг Герман төдийгүй Европын бусад улсуудад Протестант болон Католик шашинтнуудад тогтоосон байдаг байна. Энэ санаа нь Герман дахь Исламын шашинтнуудыг гадаадын улсуудын нөлөөнөөс ангид байлгах зорилготой гэж Германы парламент дахь Христийн ардчилсан холбоо намын бүлгийн орлогч дарга Торстен Фрей ярьжээ.
Түүний энэ санал тэр даруй эрх баригч Их эвслийн бусад гишүүдээс дэмжлэг авсан байна. Гэхдээ энэ саналыг хуульчилж албан ёсны болж хэрэгжихээс өмнө олон шат дамжлагаар орно гэдгийг хэвлэлд сануулж байна.
Герман улс лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.