
"Сири дэх Ираны цэргийн оролцооны эсрэг Израиль улс үргэлжлүүлэн тэмцэх болно. Одоо явуулж байгаа ажиллагаагаа зогсоохгүй" гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна.
“Манай улсын эсрэг чиглэсэн Сири дэх Ираны цэргийн оролцоог манай зүгээс хүлээн зөвшөөрөх аргагүй. Өнгөрсөн өдрүүдийн адилаар бид тэдний эсрэг шийдмэг бөгөөд хатуу тэмцэх болно” гэсэн Нетаньяхугийн мэдэгдлийг ажлын алба нь нийтлүүлсэн байна.
Энэ сарын 25-нд Израилийн агаарын цэргийн хүчний 6 онгоц Ливаны агаарын орон зайгаас Сирийн нийслэл Дамаск хотын ойр орчимд цохилт өгсөн талаар өмнө нь мэдээлж байсан юм. Израилийн хүчнийхэн “Жи-Би-Ю-39” гэдэг алсын удирдлагатай 16 бөмбөг хаясны 14-ийг нь Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн амдан устгасныг ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Цаг хагасын турш үргэлжилсэн уг агаарын цохилтын улмаас Сирийн гурван цэргийн алба хаагч шархдаж, зэвсгийн агуулахад хохирол учирсан гэж байна. Мөн тэр үед тухайн бүсэд нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн хоёр онгоцонд шууд аюул заналхийлсэн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мөн мэдэгдсэн байна.
Израилийн агаарын цэргийн хүчний дайралтууд Ливаны Бейрут болон Сирийн Дамаск хотын нисэх буудлуудад иргэний хоёр нисэх онгоц газардах үетэй давхцаж таарсныг тэрбээр дурджээ. Ливаны Тээврийн яамны сайд энэ тухайд Израилийн агаарын цэргийн хүчний цохилтод зорчигч тээврийн онгоцууд золоор өртөөгүйг цохон дурдаад, тэдгээр онгоц цохилт өгөх үедээ Ливан улсын агаарын орон зайд байршсаныг “Хууль бусаар хил зөрчсөн хэрэг” гэсэн байна.
Улмаар Ливаны Засгийн газар Израиль улсын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргахаар зэхэж байгааг дурджээ.
Биньямин Нетаньяху: Сири дэх Ираны цэргийн оролцооны эсрэг Израиль улс үргэлжлүүлэн тэмцэнэ | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.