Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гурван үеийн уран бүтээлчид “Учиртай гурван толгой”-г амилуулна

2018-12-27 15:37:29
Error loading player: No playable sources found

Хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 55 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Ийнхүү Монголдоо төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог театр” бий болсон.

Харин УДБЭТ-ын анх байгуулагдсан он, жилийг судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор тус театрын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулсан.

Энэ хурлын хүрээнд Монголын дуурь, бүжгийн театрын үүсэл хөгжлийн зарим асуудал” сэдвээр илтгэлүүдийг, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хамтран хэлэлцэж, анхны хөгжмийн театр 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орж, Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийснийг баталгаажуулсан.

Ийнхүү Монгол Улсад хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жил, УДБЭТ-ын туурга тусгаарласны 55 жилийн ой, энэ онд тохиож байгаа юм.

Энэ хүрээнд УДБЭТ-ын хамт олон энэ сарын 30-ны өдөр үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид, ажилтан албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлэх ойн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Эл арга хэмжээнд зориулан Монголын үндэсний шилдэг дуурь болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” бүтээлийг гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглоно. Эл тоглолтоор тус дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг УДБЭТ-ын тайзнаа амилуулж ирсэн, үе үеийн уран бүтээлчийг нэг дор, нэгэн тайзнаас үзэх боломжтой юм.

Тус тоглолтонд, УДБЭТ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид болох ардын жүжигчин А.Долгор, А.Дашпилжээ, Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Х.Үнэнхүү, Ж.Бүтэд, Л.Болд, Б.Цэцгээ, Д.Ганхуяг, Б.Жавзандулам, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, соёлын тэргүүний ажилтан Ш. Наранчимэг, Э.Бумхүү тэргүүтэй тус театрын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид болон театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү оролцох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гурван үеийн уран бүтээлчид “Учиртай гурван толгой”-г амилуулна  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй