Шууд Chart

Умард Солонгосын удирдагч АНУ-д амлалтандаа хүрэхийг сануулав

2019-01-01 14:18:45

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун амлалтандаа хүрэхийг АНУ-д сануулж, цөмийн зэвсэглэлээ зогсоох бодлогоо өөрчилж магадгүй гэж анхаарууллаа.
Тэрбээр энэ тухай өнөө өглөө шинэ жилийн эхний мэндчилгээндээ онцлон хэлсэн байна. 

Ким Жон Ун “Бид цөмийн зэвсэглэлээ зогсоох амлалт өгсөн. Гэхдээ АНУ хоригоо үргэлжлүүлсээр байвал хийсэн алхмаа өөрчилж, буцна” гэжээ. Мөн тэрбээр “Хэрэв АНУ дэлхий дахины өмнө өгсөн амлалтаа биелүүлэхгүй, манай улсад хориг шахалт үзүүлсээр байх аваас бид тусгаар улсынхаа ашиг сонирхол,  аюулгүй байдлыг хангах шинэ арга зам эрэлхийлэхээс өөр сонголтгүй үлдэж болзошгүй юм” гэсэн байна. Ингэж мэдэгдэхдээ Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дахин уулзахад бэлэн гэдгээ ч илэрхийлжээ.  

Хэвлэлүүдэд энэ талаар бичихдээ, өнгөрөгч 2018 он гарахад Ким Жон Уны хийсэн анхны мэдэгдэл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг АНУ болон Өмнөд Солонгосын талтай урьд өмнө хийж байгаагүй нааштай харилцаатай болгож олон улсын харилцаанд шинэ зам гаргасныг сануулж байна.

Тодруулбал, 2018 оны эхний мэдэгдлээрээ Ким Жон Ун баг тамирчдаа Өвлийн олимпод оролцуулахаа зарласнаас эхлэн удаа дараагийн гэнэтийн болон товлосон уулзалтууд хийж Солонгосын хойгийн асуудлаар нааштай амлалт өгч, цөмийн талбайгаа устгасан юм. Баттай бус мэдээгээр тэрбээр мөн ойрын хугацаанд Сөүлд айлчилна гэсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энэ сардаа, эсвэл ирэх хоёрдугаар сард багтан Умардын удирдагчтай уулзана гэж байгаа ч энэ талаар одоогоор нарийн зүйл мэдэгдээгүй байна.

Умард Солонгос цөмийн болон баллистик пуужингийн туршилтуудаасаа болж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан нэг бус хоригт багтаад байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгосын удирдагч АНУ-д амлалтандаа хүрэхийг сануулав   
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй