Шууд Chart

Итали улсад сууж байсан Умард Солонгосын Элчин сайд сураггүй болжээ

2019-01-04 14:21:21

Итали улсад сууж байсан Умард Солонгосын Элчин сайд сураггүй болоод байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас мэдээлж, Умардын Элчин сайд 11 дүгээр сарын эхэн үеэс хойш сураггүй байгааг мэдэгджээ.

Энэ талаар зарим хэвлэлд Итали улсад амьдарч байсан Умардын дипломат барууны улсаас улс төрийн орогнол хүсэх гэж байна гэх албан бус мэдээллийг бичиж байсан юм. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Тагнуулын газраас ийн товч мэдээлсний дараа тус улсын парламентийн гишүүн Ким Мин Ки, Элчин сайд Жо Сон Гилийн үүрэгт ажлын хугацаа 11 дүгээр сарын сүүлчээр дуусах байсан боловч тэрбээр 11 дүгээр сарын эхээр дипломат байраа орхин зугтсан гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Умард Солонгосоос Ром хотод амьдарч байсан Элчин сайд Жо Сон Гил гэдэг энэ хүн Умард Солонгосын өндөр албаны хүний хүргэн хүү гэдгийг хэвлэлүүд сануулж байна. Италийн талаас Умардыг тус улсын цөмийн хөтөлбөртэй холбогдуулан буруутгаж, 2017 онд Элчин сайдыг буцаасан байдаг. Үүний дараа Жо Сон Гил 2017 оны 10 дугаар сараас хойш Умард Солонгосын хэргийг түр хамаарсан Элчин сайдаар Италийн Ром хотод сууж байжээ.

Хэрэв тэрбээр үнэхээр аль нэг улс руу гарч явсан бол БНАСАУ-ын төрийн үйл ажиллагааг мэддэг албаны хүмүүсээс гадаадад гарч улс орноосоо урвасан хамгийн өндөр албаны хүн болох юм. Үүнээс өмнө Умард Солонгосоос Лондонд сууж байсан орлогч Элчин сайд Тай Ён Хо улс орноо орхин оргон зайлсан гэдэг мэдээ байдаг юм байна. Тэрбээр 2016 онд эхнэр, хүүхдүүдийн хамтаар Өмнөд Солонгосоос улс төрийн орогнол хүсчээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Итали улсад сууж байсан Умард Солонгосын Элчин сайд сураггүй болжээ   
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй