
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна. Хятадын дарга Ши Жиньпины урилгаар тэрбээр даваа гарагийн орой эхнэр Ри Сол Жугийн хамтаар галт тэргээр БНХАУ-д очсон байна.
Ким Жон Уны энэ удаагийн айлчлал нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Хятадын коммунист намын төв хорооны Олон улсын хэлтсээс мэдээлснийг "Синьхуа" агентлаг уламжиллаа.
Зарим хэвлэлд бичсэнээр Умард Солонгосын удирдагч ийн дөрөв дэх удаагаа БНХАУ-д айлчилж байгаа нь олон улсын хориг арга хэмжээг зөөлрүүлэхэд Хятадын даргын дэмжлэгийг авахад чиглэж байгаа гэж ажиглагчид үзэж байна.
“Ким Жон Ун НҮБ Аюулгүйн зөвлөлийн хориг шахалтуудыг сулруулахад Хятадын талаас ямар дэмжлэг үзүүлэхийг шалгаж тандахыг хүсч байгаа нь тодорхой” гэж Вашингтон дахь Үндэсний ашиг сонирхол судлалын төвийн салбарын захирал Харри Казианис ярьсныг Хятадын хэвлэлд иш татжээ.
Мөн “Хятадын талаас ямар дэмжлэгтэй байхыг үнэлснээрээ Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоригоо сулруулахаас татгалзсан тохиолдолд Вашингтоны хориг шахалтуудын эсрэг хийх дараагийн алхмаа тооцоолох боломж олгоно” гэж шинжээч тайлбарласан байна.
Даваа гарагт Умард Солонгосын өндөр албаны хүн Хятадад айлчлахаар хөдөллөө гэж Өмнөд Солонгосын хэвлэлд бичсэн боловч чухам хэн болох нь тодорхойгүй байсан юм. Харин дараа нь Хятадын "Синьхуа" агентлаг Умард Солонгосын төв хэвлэлд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадад айлчилж байгааг баталжээ.
Умардын төв хэвлэлд мэдээлснээр түүнийг эхнэр Ри Сол Жугаас нь гадна Умард Солонгосын Хөдөлмөрчний намын орлогч дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Батлан хамгаалахын сайд Но Квон Чол зэрэг өндөр албаны хүмүүс дагалдаж яваа юм байна.
Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.