
ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин мягмар гарагт Москвад айлчилсан Японы ерөнхий сайд Шинзо Абетэй уулзалт яриа хийснийхээ дараа хэвлэлийн хурал дээр ОХУ Японтой энхийн гэрээ байгуулах сонирхолтой байгааг илэрхийллээ. Тэрээр “1956 онд байгуулсан хамтарсан тунхагийн үндсэн дээр Япон улстай энхийн гэрээ байгуулах сонирхолтой гэдгээ баталлаа” гэсэн байна. Мөн Путин “мэдээж бид энхийн гэрээ байгуулах хэтийн төлөв байдлыг хэлэлцсэн, мөн энэ баримтыг батлах сонирхолтой байгаагаа баталцгаасан, 2018 оны 11 дүгээр сард Сингапурт болсон уулзалтаар бид хамтарсан тунхагтаа үндэслэн энхийн яриа хэлэлцээг түргэтгэх талаар тохиролцоцгоосон” хэмээн ярьжээ. Үүнээс гадна тэрээр Шинзо Абетэй энхийн асуудлаар их удаан ярилцсан гэдгээ тэмдэглэсэн.
Хоёр орны гадаад хэргийн сайд нар энэ ажлыг зохицуулах үүрэг хүлээж, эхний удаагийн яриа хэлэлцээ энэ сарын 14-нд Москва хотод болсныг Оросын ерөнхийлөгч мөн дурдаад үр дүнтэй нь 2 улсын тэргүүнүүд танилцсан хэмээн хэлснийг Оросын ТАСС агентлаг мэдээлжээ.
Харин NHK-ийн мэдээлснээр Япон болон Оросын тэргүүнүүд энхийн гэрээ байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгоор үргэлжлүүлэн ажиллана гэдгээ хэлсэн байна. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абе, Дэлхийн 2 дугаар дайнаас хойш шийдэгдэлгүй 70 жил болсон энэ асуудлыг шийдвэрлэхэд амаргүй хэмээн мэдэгдсэн байна.
“Гэхдээ талууд үүнийг хийх хэрэгтэй, Япон улс болон Орос улсын харилцан итгэлцлийг сайжруулах, 2 улсын ард иргэдийн аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах, энэ чиглэлээр хүчин чармайлтаа үргэлжлүүлж хамтран ажиллахаар ОРосын ерөнхийлөгчтэй тохиролцсон” хэмээн Японы ерөнхий сайд Шинзо Абе ярьсан байна.
Тэд ирэх 6 дугаар сард Осака хотод болох Их 20-ын уулзалтаар дахин уулзахаар төлөвлөжээ.
ОХУ Японтой энхийн гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ | ||
Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.