
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь уулзалтын талаар Вьетнамын Гадаад хэргийн сайд Пхеньянд айлчиллаа.
Мягмар гарагт буусан Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Минь, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хотой лхагва гарагт уулзлаа гэж Умардын төрийн хэвлэлд мэдээлжээ.
Мөн талууд Умард Солонгосын анхны удирдагч Ким Ил Сун буюу бидний хэлж заншсанаар Ким Ир Сен, Вьетнамын Ерөнхийлөгч Хо Ши Мин нарын байгуулсан уламжлалт нөхөрсөг харилцаагаа бэхжүүлж, олон улсын асуудлаарх нийтлэг ашиг сонирхлын талаар санал солилцлоо гэж мэдээлжээ. Гэхдээ уулзалтын талаарх нарийн мэдээллийг Умардын хэвлэл нийтлээгүй байна.
Мэдээж хоёр улсын тэргүүн дипломатууд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Вьетнамд байх хугацааны аюулгүй байдлыг бүрдүүлэх талаар хэлэлцсэн байж таарна гэж хэвлэлүүд бичиж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай Вьетнамд энэ сарын 27-28-ны өдрүүдэд уулзана гэж зарласан. Тэдний уулзалтыг Вьетнамын Ханой хотод зохион байгуулахаар талууд ажиллаж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт л гэхэд АНУ-ын төлөөлөгч Пхеньянд айлчилсан. Гэвч одоогоор энэ талаар Умард Солонгосын талаас мэдээлэл хийгээгүй байна.
Вьетнамын Гадаад хэргийн сайд Пхеньянд айлчиллаа | ||
Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.