Шууд Chart

НҮБ сонсгол хамгаалах стандарт боловсрууллаа

2019-02-18 10:32:24

НҮБ дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын харилцаа холбооны газрын анхааруулснаар дэлхийн нийт залуу хүмүүсийн тал нь чанга дуу чимээнээс үүдэлтэйгээр сонсголоо алдах эрсдэлтэй байна. НҮБ-ын хоёр агентлаг энэ талаар ирэх гуравдугаар сарын 3-нд тохиох Олон улсын сонсголын өдрийг угтан анхааруулж, сонсголоо хамгаалах стандартыг тогтоожээ. 

Тодруулбал, 12-35 насны 1.1 тэрбум хүн ухаалаг утас мэтийн зөөврийн жижиг хөгжим тоглуулагчаар урт хугацаанд хөгжим сонсдогоос үүдэн дүлий болох магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.

Агентлагийн анхааруулснаар залуус шөнийн клубт чанга хөгжим сонсдог тухай дурдсан байна. Тиймээс чөлөөт цагаараа сонсч байгаа хөгжмөө долоо хоногт 40 хүртэл цаг 80 децибелээс хэтрүүлэхгүйгээр сонсох нь аюулгүй гэж тогтоосон байна. 80 децибелийн чимээ нь метро буюу газар доорх галт тэргэнд сонсогддог дуутай ижил түвшний чимээтэй ойролцоо байдаг байна.

НҮБ-ын хоёр агентлаг энэ стандартаараа гар утас болон зөөврийн бусад төхөөрөмж дээрх дууны түвшнийг ийм хэмжээгээр тохируулахыг хүмүүст зөвлөж байна. Мөн зөөврийн төхөөрөмжүүдийн дууны түвшин, үргэлжлэх хугацааг тохируулдаг, тогтоосон хязгаар нь хэтрэхэд анхааруулга өгдөг программ ашиглахыг сануулав. 

Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебреисус "Залуу хүмүүс сонсголоо нэг л алдвал дахиж сэргээж хэвэнд нь оруулах боломжгүй байдгийг ойлгож мэдэх шаардлагатай. Энэ шинэ стандарт тэдний эрүүл мэндийг хамгаалахад тусална" гэж хэлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ сонсгол хамгаалах стандарт боловсрууллаа  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй