
Францад татвараас нуусан мөнгийг хадгалж, мөнгө угаасан гэдэг шалтгаанаар Швейцарийн "UBS" банк 3.7 тэрбум еврогийн торгууль төлнө. Францын шүүх энэ банкийг 2004-2012 онд татварын байгууллагаас нуусан хэдэн тэрбум евротой тэнцэх мөнгийг нуухад нь Францын үйлчлүүлэгчдэд тусалсан гэж буруутгаж байна.
Тодруулбал, Францын прокурорууд ""UBS" банк нь үйлчлүүлэгчдээ татвараас мөнгө нуухыг байнга дэмждэг байсан. Татвараас нууж мөнгө угаах үйл явц бараг үйлдвэрлэлийн хэмжээнд байсан” гэж шүүхэд мэдүүлж байжээ. Мөн Швейцарийн банк үйлчлүүлэгчдээрээ хууль бус үйлдэл хийлгүүлэхийн тулд банкны ажилчдаа спорт арга хэмжээ, урлагийн тоглолтуудад илгээдэг байсан гэжээ.
Ингээд долоон жил үргэлжилсэн мөрдлөг шалгалтын дараа шүүх 3.7 тэрбум еврогийн торгууль ногдуулсан байна. Швейцарийн "UBS" банк Францын Засгийн газарт учруулсан хохирлын төлбөрт 800 сая еврог мөн төлөх ёстой болж байна.
Харин банкны зүгээс эрүүгийн шинжтэй бүх төрлийн буруу үйл ажиллагааны эсрэг байсаар ирсэн. Шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдана гэж мэдэгдсэн байна. “Швейцарьт данс нээлгүүлэхийн тулд Францын газар нутаг дээр франц үйлчлүүлэгчдийг банкны зөвлөх ятгаж байсан гэх ямар ч баримт байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Швейцарийн банк өмнө нь буюу 2009 онд АНУ-д, 2014 онд Германд үүнтэй адил шалтгаанаар буруутгагдаж АНУ-д 780 сая ам.долларын торгууль төлж байсан бол, Германд 300 сая еврогийн төлбөр төлж байжээ.
Өнгөрөгч 2018 онд банкны нийт ашиг 4.9 тэрбум доллар хэмээн мэдээлж байсан юм.
Швейцарийн "UBS" банк 3.7 тэрбум еврогийн торгууль төлнө | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.