Шууд Chart

Владимир Путин: АНУ пуужингийн системээ Европод байрлуулбал бид яг ижил хариу арга хэмжээ авна

2019-02-21 13:13:27

"АНУ пуужингийн системээ Европод байрлуулбал бид яг ижил хариу арга хэмжээ авна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар лхагва гарагт хийсэн уламжлалт мэдэгдлийнхээ үеэр ярьсан байна.

Владимир Путин “Хэрэв Вашингтон дунд болон бага тусгалын пуужингаа Европод байрлуулбал олон улсын аюулгүй байдлыг маш төвөгтэй болгоно. Оросын талд ноцтой сорилт авчирна”гэлээ. Мөн тэрбээр “Америкийн талын зарим ангиллын пуужингууд Москвад цохилт өгөхөд 10-12 минутын хугацаа орно” гэж хэлснийг Оросын төрийн өмчит хэвлэлд бичжээ.

Владимир Путин “Энэ бол бидэнд маш ноцтой аюул. Ингэсэн тохиолдолд бид бүхэн яг ижилхэн хариу арга хэмжээ авахад хүрнэ гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэж мэдэгджээ. АНУ хуучин Зөвлөлтийн үед байгуулсан Дунд болон бага тусгалын пуужингийн гэрээг зөрчиж байна гэж хурцаар шүүмжилсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч “Америкийн тал Румын, Польш зэрэг улсуудад дунд тусгалын пуужингууд болон Томахак пуужинд зориулсан пуужин хөөргөгч төхөөрөмжүүдийг байрлуулах нь шууд бөгөөд бүдүүлгээр энэ гэрээний нөхцлүүдийг зөрчиж буй хэрэг” гээд “АНУ Дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс ямар шалтгаанаар гарч байгаа талаараа үнэн шударга байж чадахгүй байна. Өөрсдийн үйлдлийг зөвтгөхийн тулд шүүмжилж суухын оронд шударга байх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Үүнээс гадна Владимир Путин "Сармат" хэмээх тив хоорондын пуужинг төлөвлөгөөний дагуу хөгжүүлж байгаа зэргээр Оросын тал шинэ төрлийн дэвшилтэт  зэвсгүүдийг туршиж байгааг баталлаа. Энэ тухай “Өнгөрсөн жил мэдэгдэл хийхдээ зарласан сайжруулсан загварын зэвсгийн системүүдийн ажил төлөвлөсөн ёсоороо урагшилж байгаа” гээд “Сармат" тив хоорондын пуужин нь урьд өмнө байгаагүй хүчтэй зэвсэг. "Авангард" хэмээх дуунаас хурдан пуужингийн системийн үйлдвэрлэл эхэлсэн. Оросын стратегийн пуужингийн хүчин энэ оны сүүлч гэхэд энэ зэвсгээр зэвсэглэнэ” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг цаг 30 минут үргэлжилсэн мэдэгдлээрээ улс орны дотоод асуудал, ард иргэдийнхээ ахуй байдалтай холбоотой сэдвийн талаар ихэвчлэн ярьжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин: АНУ пуужингийн системээ Европод байрлуулбал бид яг ижил хариу арга хэмжээ авна   
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй