
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар утсаар ярилаа. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцсан байна.
Утсаар ярьсныхаа дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Бид Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Японы ард иргэдийн Умардад хулгайлагдсан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бүхий л шатанд илүү ойртож ажиллахаар тохиролцсон. Хулгайлагдсан хүмүүсийн асуудлаар удаан ярилцсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Тэрбээр Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн ар гэрийнхэнтэй энэ долоо хоногийн эхээр уулзахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад энэ асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг хэлж тайлбарлаад, Умардын удирдагч Ким Жон Унд санааг нь дамжуулж өгөхийг хүснэ гэж мэдэгдэж байсан юм.
Шинзо Абэ, Дональд Трамп нар утсаар ярьсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч ирэх тавдугаар сарын сүүлчээр Японд айлчилж, шинэ эзэн хаантай нь уулзаж магадгүй гэж Японы талаас мэдээлжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Японы угсаа залгамжлах хунтайж тавдугаар сарын 1-нд тангаргаа өргөх тул улс орондоо айлчлахыг Дональд Трампаас хүссэн байна.
Харин Цагаан ордны тэргүүн айлчлал хийхэд бэлэн гэдгээ илэрхийлээд, тавдугаар сарын 26-28-нд Японд айлчилж болох юм гэж хариулсан тухай Японы талаас мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургаадугаар сард Осака хотод болох "Их 20"-ийн уулзалтад оролцох юм.
Дональд Трамп, Шинзо Абэ нар утсаар ярилаа | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.