
Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф огцорч байна. Тэрбээр энэ тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Жавад Зариф “Та бүхнээс би өөрийн бүх алдаа дутагдалд уучлал гуйж байна. Гадаад хэргийн сайдын хувиар өнгөрсөн жилүүдэд би Ираны ард түмэн болон албаны хүмүүст талархаж байна” гэж бичжээ.
Тэрбээр 2013 оноос Ираны Гадаад хэргийн сайдаар ажиллаж, 2015 оны Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээний талаар яриа хэлэлцээ хийхэд төлөөлөгчдийг ахалсан юм. Харин сайд болохоосоо өмнө буюу 2002-2007 оны хооронд Ираны талаас НҮБ-д байнгын төлөөлөгчөөр суусан байна.
Одоогоор Жавад Зариф ямар шалтгаанаар Гадаад хэргийн сайдаас огцорч байгаа нь тодорхойгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр АНУ-ыг гэрээнээс гарснаас хойш дотоодын улс төрийн хүрээнд ихээхэн дарамт шахалтад ороод байсан юм гэж зарим хэвлэлд тайлбарлажээ. Мөн Ираны хагас төрийн өмчит "Тасним" агентлаг, Гадаад хэргийн сайдынх нь огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч Хасан Роуханы хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй гэж албаны эх сурвалжуудын хэлснийг уламжилсан байна.
Жавад Зариф өнгөрөгч ням гарагт Ираны хатуу байр суурь баримталдаг улс төрчдийг буруутган “Бид имперализмын хуйвалдааны ард нуугдаж чадахгүй. Өөрсдийн чадваргүй байдлын төлөө бид тэднийг буруутгадаг. Тусгаар тогтнол гэдэг бол дэлхий ертөнцөөс тасарна гэсэн үг биш” гэж хэлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Жавад Зариф болон Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы нарыг “Авлигад идэгдсэн шашны мафиудын нүүр царай болсон хүмүүс” гэж твиттер хуудсаараа шүүмжилжээ.
Даваа гарагт Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Иранд гэнэтийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Хасан Роуханы болон Ираны дээд удирдагч нартай уулзаж, америкийн цэрэг Сириэс гарах асуудлаар ярилцсан байна.
Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф огцорно | ||
Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.