Шууд Chart

Умард Солонгост Вьетнамын хөгжлийн загварыг санал болгоно

2019-02-27 16:02:29

АНУ-ын талаас энэ удаагийн уулзалтын үеэр Умард Солонгост Вьетнамын хөгжлийн загварыг санал болгоно гэж Америкийн хэвлэлд бичсэн байна. Тавин жилийн өмнө Америкийн дайсан байсан Социалист Вьетнам улс АНУ-ын нэг түнш улс болсныг дурдаж байна.

Зах зээлийн шинэчлэл нэвтрүүлснээсээ хойш эдийн засгийн өсөлт, Вашингтонтой байгуулсан харилцаа холбоогоо онцгойлон үзэж байгаа энэ улсын хөгжлийн загварыг Дональд Трампын засаг захиргаа Умардын талд санал болгоно гэж шинжээчид үзэж байна.

Тавин жилийн өмнө Ханой хотыг Америкийн тал “Би-52” байлдааны онгоцоор бөмбөгдөж байсан бол өнөөдөр Вьетнамын нийслэлд АНУ-ын Ерөнхийлөгч Умардын удирдагчтай яриа хэлэлцээ хийх гэж байна гэж "CNN" бичсэн байна.

Вьетнамын Ерөнхий сайд Гуен Суан Фук “Умард  Солонгос Вьетнам улсыг энх тайван, эвлэрэл, чөлөөт зах зээлийн үр дүн, жишээ болгон харах байх гэж найдаж байна” гэж ярьсныг мөн уламжилжээ.

Энд мөн хоёр Солонгосын дайнд албан ёсоор цэг тавьж төгсгөл болгох тухай яриа байна. АНУ-ын хууль тогтоогчид энэ талаар уриалсан тогтоол боловсруулжээ. Хэвлэлүүдэд энэ талаар, хоёр улсын тэргүүн Солонгосын дайныг эцэслэх, Умардын талд тавьсан эдийн засгийн хоригуудыг сулруулах тухай мэдэгдэлд гарын үсэг зурж магадгүй гэж бичиж байна.

Гэхдээ энэ нь Умардын талаас цөмийн гол байгууламжаа хаана гэсэн амлалт өгсөн тохиолдолд болно гэдгийг онцолжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгост Вьетнамын хөгжлийн загварыг санал болгоно   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй