Шууд Chart

Малайзын Засгийн газар MH370 онгоцыг дахин хайна

2019-03-04 13:00:51

Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад Малайзын иргэний агаарын MH370 онгоцыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Итгэл найдвар байгаа цагт бид тэр онгоцыг үргэлжлүүлэн эрж хайх болно” гэжээ.

Малайзын иргэний агаарын MH370 онгоцтой хамт сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн ням гарагт Куала-Лумпурт жагсаал хийж, онгоцыг эрэн хайх ажиллагааг сэргээхийг шаардсан байна. 

Нийт 150 сая долларын зардал орсон Малайз, Хятад, Австрали гэсэн гурван улсын хамтарсан эрэл хайгуул 2017 оны нэгдүгээр сард хаагдсан. Үүний дараа Энэтхэгийн далайд явуулсан хоёр дахь удаагийн эрэл хайгуул үр дүнгүй болж, 90 хоногийн дараа дууссан юм. Дараа нь 2018 оны долоодугаар сард Малайзын Засгийн газраас онгоц алга болсон шалтгааныг тогтоож чадаагүй гэдгээ мэдэгдээд байсан. 

Тухайн үед мөрдөн шалгах багийн дарга Күк Сүү Чон “Онгоц Малайзын чиглэлд эргэн гар удирдлагаар ниссэн. Гэхдээ онгоцыг нисгэгч нь жолоодож явсан уу, эсвэл өөр ямар нэг хууль бус нөлөөлөл байсан уу гэдгийг тодорхойлох боломж байхгүй байна” гэж хэвлэлийнхэнд хэлж байсан юм.

2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Малайзын нийслэл Куала-Лумпураас Бээжин хотыг зорьж ниссэн MH370 онгоц сураггүй болсон юм. Онгоцонд сууж явсан 239 хүн одоо болтол олдоогүй байна. Энэ хэргийг илрүүлнэ гэсэн найдвар маш бага байна гэж зарим хэвлэлд бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Малайзын Засгийн газар MH370 онгоцыг дахин хайна   
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй