Шууд Chart

Хятадын эрх баригчид эдийн засгийн уналтын эсрэг арга хэмжээ авна

2019-03-04 13:52:26

Мягмар гарагт эхлэх БНХАУ-ын Ардын их хурлаар эдийн засгийн удаашралын эсрэг авах арга хэмжээнүүдээ танилцуулахаар төлөвлөж байна. Үүнд, бодлогын хүүг бууруулах зэргээр мөнгөний бодлогын арга хэмжээ авах, орон нутгийн захиргаадаас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өсгөсөн асуудал, авто машин, гэр ахуйн хэрэгсэл зэрэг хүмүүсийн хувийн худалдан авалт зарцуулалтыг урамшуулах, татварыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийн талаар эрх баригчид зарлана гэсэн мэдээлэл байна.

Сүүлийн хэдэн жилд Хятадын эдийн засаг удааширч, өнгөрсөн жил л гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь өсөлт 6.6 хувь байсан нь сүүлийн 28 жилийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болсон юм.

АНУ-ын хөрөнгө оруулалтын "Лийман Бродерс" компанийн уналтаас үүдсэн 2008 оны санхүүгийн хямралаас хойш эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор эрх баригчид нь дэд бүтэц, нийгмийн ажлуудыг их хэмжээгээр санхүүжүүлэх болсон. Үүний үр дүнд энэ улсын төрийн болон хувийн хэвшлийн өр Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2.5 дахин өсгөсөнтэй тэнцэж байна.

Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд 2018 оны туршид Хятадын Ардын их хурал алсдаа эдийн засаг удааширна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн ч АНУ-тай худалдааны зөрчил маргаантай хэвээр байгаа нь энэ онд ч эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Тодорхойгүй байдал үргэлжилж, томоохон компаниуд мөнгөн хөрөнгө оруулалтаа багасгаж эхэлснээс гадна Шанхайн бирж дээр хувьцааны үнэ жилийн туршид 24 хувиар буурсан байна.

Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдасгуур гэгддэг хувь хүмүүсийн зарцуулалт багассан. Тодруулбал, авто машины борлуулалт сүүлийн 28 жилд анх удаа буурсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Хэдийгээр Хятадын эрх баригчид эдийн засгийн удаашралыг бууруулах өргөн хүрээний арга хэмжээ авах талаар зарлах гэж байгаа ч тэр нь зөвхөн өрийг хойшлуулах төдий арга хэмжээ болно гэсэн тайлбар байна. Зарим шинжээчдийн зүгээс мөнгөний бодлогын арга хэмжээ авах нь төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг удаашруулах, дэд бүтцийн шинэчлэлийг хойшлуулах эрсдэлтэйг анхааруулж буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын эрх баригчид эдийн засгийн уналтын эсрэг арга хэмжээ авна  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй