
ОХУ-д эрчүүд эмэгтэйчүүдээс 30 хувиар илүү цалин авдаг гэж ОХУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлэлд тулгуурлан тус улсын Шадар сайд Ольга Голодец мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн хувь өндөр. Гэхдээ цалин хөлсний талаар яривал ОХУ-д эмэгтэйчүүдийн авдаг цалин эрчүүдийн цалингийн 70 хувьд л хүрнэ” гэжээ. 2017 онд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа 28.3 хувьтай байжээ.
Ер нь дэлхий дахинаа хөдөлмөрийн зах зээр дээрх цалин хөлстэй холбоотой жендэрийн тэгш бус байдал одоо ч хэвээр байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлж байгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 20 хувиар бага цалин авдаг байна. Цалин хөлсний энэ ялгаатай байдал нь нийгмийн шударга бус байдлын хамгийн том жишээ гэж Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас мэдээлжээ.
Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын мэдээллээс үзвэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа хамгийн их байдаг улсаар Пакистан тэргүүлж байна. Энэ улсад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа 62.5 хувь байдаг. Харин хоёрдугаар байрт Балба 44.7 хувиар бичигджээ.
Европын холбооны орнуудаас Нидерланд хамгийн муу үзүүлэлттэй байна. Тус улсад эмэгтэйчүүд эрчүүдээсээ 40.3 хувиар бага цалин авдаг юм. Тэгвэл цалин хөлсний ялгаа бараг тэг хувьтай буюу тэгш байдаг улсуудын тоонд Панам, Иордан, Кабо-Верде зэрэг улсууд орж байна. Мөн Румын, Болгар, Филиппин, Эквадор, Бангладеш зэрэг улсад цалин хөлсний ялгаа 1.8-4.7 хувьтай байдаг гэнэ. Монгол Улсын хувьд эрчүүд эмэгтэйчүүдээс 16.7 хувиар илүү цалин авдаг.
Үүнээс гадна эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү цалин авдаг улс орон ч бий. Эдгээр улсын тоонд Тайланд, Сьерра-Леон гэсэн хоёр улс багтжээ. Ерөнхийдөө тэгш бус цалин хөлсний улмаас улс орнууд жил бүр хэдэн их наяд доллар алддаг гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.
Ольга Голодец: ОХУ-д эрчүүд эмэгтэйчүүдээс 30 хувиар илүү цалин авдаг | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.