
Алжир улсын Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика иргэдийнхээ эсэргүүцлийг үл хайхран төрийн тэргүүний сонгуульд тав дахь удаагаа нэрээ дэвшүүллээ. Энэ талаар “Аль-Жазира” суваг мэдээлсэн байна.
Хэдийгээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Сонгуулийн комисст бичиг баримтаа өөрийн биеэр өгөх ёстой боловч Абделазиз Бутефликагийн бичиг баримтыг түүний сонгуулийн аяны удирдагч Абделагани Заалане өгсөн байна.
Абделазиз Бутефлика нь өдгөө 82 настай бөгөөд 2013 онд цус харваж, түүнээс хойш олон нийтийн өмнө бараг гарч ирэхээ больсон. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Швейцарьт шинжилгээ өгөхөөр явсан бөгөөд өдгөө Женевийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Алжирт өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ноос эхлэн Абделазиз Бутефликаг төрийн тэргүүний суудлаа нэн яаралтай, тайван замаар өгөх, тав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхгүй байхыг шаардсан жагсаал цуглааныг иргэд зохион байгуулж байгаа юм. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, 56 цагдаа, долоон жагсагч гэмтэж бэртжээ.
Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбогдуулан Алжирын Ерөнхийлөгч иргэддээ захидал илгээжээ. Уг захидалдаа тэрбээр дөрөвдүгээр сарын 18-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Үндэсний бага хурал”-ыг тодорхойлох ээлжит бус сонгууль зарлана гэдгээ амласан байна.
Хэрвээ Абделазиз Бутефликагийн нэр дэвших эрхийг Үндсэн хуулийн зөвлөлөөс дэмжвэл тэрбээр зургаан нэр дэвшигчтэй хамт төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөнө.
Абделазиз Бутефлика нь 1999 оноос хойш Алжирын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр 2013 онд цус харваснаас хойш тэргэнцэр дээр суудаг болжээ. Иргэд түүнийг ийм байдалтайгаар улс орноо удирдах чадамжгүй болсон. Түүний нэрээр төрсөн дүү Саид нь төрийн эрхийг барьж байна гэж үзэж байна.
Алжирын Ерөнхийлөгч төрийн тэргүүний сонгуульд 5 дахь удаагаа нэрээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.