Шууд Chart

Найроби хот руу ниссэн Этиопийн иргэний агаарын "Бойнг" онгоц осолджээ

2019-03-11 11:38:40

Кенийн нийслэл Найроби хот руу ниссэн Этиопийн иргэний агаарын "Бойнг" онгоц осолдож, онгоцонд явсан хүмүүс бүгд нас баржээ. Этиопийн нийслэл Аддис-Абебаас гуравдугаар сарын 10-ны өдөр ниссэн "Бойнг 737 MAX8" загварын онгоцонд 149 зорчигч, хөлгийн багийн 8 гишүүн байжээ. Ослоос амьд гарсан хүн байхгүй гэдгийг компанийн зүгээс мэдээлж байна.

Онгоц хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа осолджээ. Онгоцонд 33 улсын иргэн зорчиж байснаас гурав нь НҮБ-ын паспортоор зорчиж явсан байна.  Тэднийг аль улсын иргэн байсныг тогтоох ажиллагаа үргэжилж байна гэж Этиопийн иргэний агаарын тээврийн компани мэдээлжээ.

Сүйрсэн онгоцны тухайд дөрвөн сарын өмнө ирсэн цоо шинэ онгоц байсан байна. Компанийн зүгээс осол гарсанд харамсаж байгаагаа илэрхийлснээс гадна осол гарсан шалтгааныг тогтооход техникийн туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Өнгөрөгч аравдугаар сард мөн 189 зорчигч, хөлгийн багийн гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй ниссэн "Бойнг 737 MAX8" загварын онгоц Индонезийн Жакарта хотоос хөөрч, хэдхэн минутын дараа осолдож онгоцонд сууж явсан бүх хүн нас барсан хэрэг гарсан юм. Индонезийн талаас албаны хүмүүс энэ онгоцны аюулгүй байдлын дүн шинжилгээнүүдийг шалгах болно гэж мэдэгдэж байжээ.

Онгоцны хяналтын системийн алдаанаас болж онгоц гэнэт унах эрсдэл өндөр байдаг тухай өнгөрөгч 11 дүгээр сард "Блүүмберг" мэдээлж байсныг "Рашиа түдей" сануулж байна. Гэсэн ч дэлхий даяар "Бойнг 737" онгоцыг иргэний нислэгт түгээмэл ашигладаг.

Одоогийн байдлаар олон улсад 200 орчим "Бойнг" онгоц үйлчилгээнд явж байна. Эдгээр онгоцууд ч мөн өмнө болж байсан ослуудын адилаар эрсдэлд орж болзошгүй хэмээн шинжээч ярьж байсныг зарим хэвлэл сануулжээ.

Этиоп улсад болсон ослын дараа БНХАУ-ын нисэх компаниуд "Бойнг 737 МAX" загварын онгоцуудаа түр хугацаагаар үйлчилгээнд гаргахгүй байх зөвлөмж авсан тухай орон нутгийн хэвлэлд нь эх сурвалжийн хэлснийг иш татан мэдээлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Найроби хот руу ниссэн Этиопийн иргэний агаарын "Бойнг" онгоц осолджээ   
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй