Шууд Chart

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чон Ду Хван шүүхэд дуудагджээ

2019-03-11 16:27:56

1980-1988 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан Чон Ду Хван гүжирдлэгийн хэргээр даваа гарагт шүүхэд дуудагдлаа. Чон Ду Хван өдгөө 88 настай юм байна. Альцгеймерийн өвчтэй тэрбээр өмнө нь шүүхийн нэхэмжлэлийг тоолгүй явсан ч хүч хэрэглэн баривчилна гэсний дараа Кванжу хотын шүүхэд очихоор болжээ.

Чон Ду Хван шүүхэд дуудагдах болсон нь дурсамж номтой нь холбоотой юм байна. Тэрбээр дурсамж номондоо 1980 онд Кванжу хотод болсон иргэдийн бослогыг хүчээр дарсантай холбоотой аймшигт үйл явдлыг хөнджээ. Энэ бослогыг зохион байгуулагчдын нэг гэгээнтэн агсан Чо Чуль Хёныг тэрбээр “хүний арьс нөмөрсөн чөтгөр” гэж нэрлээд босогчдыг нисдэг тэрэгнээс шидсэн пулемётоор дарсан гэх үгийг нь няцаасан байна.

Харин гэгээнтэн агсны дүү энэ ном хэвлэгдсэн даруйд Чон Ду Хваныг гүжирдлэгийн хэргээр шүүхэд өгчээ. Хэрвээ шүүхээс экс Ерөнхийлөгч буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэл хорих, эсвэл таван сая воны торгууль хүлээж байна. Тэрбээр шүүхэд эхнэр, өмгөөлөгчийнхөө хамт очихоор болжээ.

Өнгөрсөн онд бослогыг дарсан нөхцөл байдлыг тогтоох Засгийн газрын тусгай комиссоос цэргийнхэн нисдэг тэргээр жагсаалд оролцогчид руу буудсан гэсэн дүгнэлт гаргаж байсан юм.

Чон Ду Хван нь 1979 онд төрийн эргэлтийн үр дүнд Өмнөд Солонгосын засгийн эрхэнд гарч, 1988 оныг хүртэл тус улсыг дангаараа удирдсан юм. 1996 онд тэрбээр улсаасаа урвасан, хээл хахууль авсан хэргээр цаазын ял сонссон ч Дээд шүүхээс түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилсөн байдаг. Харин үүнээс жилийн дараа Ерөнхийлөгчид өршөөл үзүүлсэн байдаг юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чон Ду Хван шүүхэд дуудагджээ   
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй